“Япон лугаа адил хөгжье” гэх нэртэй, спикерийн санаачилсан цуврал хэлэлцүүлэг энэ долоо хоногт “Япон Улсын аж үйлдвэрийн хөгжил ба жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлогын туршлага судлах нь” сэдвийн хүрээнд боллоо.
Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх тухай ярихаас хэтэрдэггүй, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжих зээлийг дээгүүрээ хэдэн зуун тэрбумаар нь тэгшитгээд хуваагаад авчихдаг манайх шиг улсад уг нь энэ талаар юм сонсож байхад хэрэгтэй л дээ. Хөгжлийн тухай 30 гаруй жил ярьж байгаа ч гавьтай хөгжиж чадалгүй өнөөдрийг хүрсэн Монгол Улс бусдын болж бүтсэн загвараас хуулаад, нутагшуулаад урагшлах нь зөв гэдэг агуулга энд яригдаж буй юм л даа.
Өдгөө ЖДҮ-ийг дэмжих сан үйл ажиллагаа явуулсан хэвээрээ ч өнгөрсөн жилүүдэд жинхэнэ ЖДҮ эрхлэгчдийн алдагдсан боломжийг эдийн засгийн агуулгаар авч үзэхэд том дүн гарах биз.
Цаашид дахиад төр нь өөрөө хувийн хэвшлийнхээ, иргэдийнхээ боломжийг хулгайлдаггүй байхын тулд юунд анхаарах вэ гэдэгт чиглэсэн хариултыг дээрх хэлэлцүүлэгт оролцсон япон нөхдийн ярианаас олж сонсож болохоор байлаа.
Тухайлбал, “ЖАЙКА” Олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи “Аж үйлдвэрийг хөгжүүлэх, солонгоруулахад чиглэсэн жижиг дунд үйлдвэрийн хүний нөөцийг бэлтгэх, аж ахуйн үйл ажиллагааг дэмжих төрийн бодлого, эрх зүйн орчныг бий болгох асуудал чухал. Манай улс дэлхийн II дайны дараагаас эдийн засгаараа дэлхийд тэргүүлэх улс орнуудын нэг болж чадсан. Энэ амжилтын үндэс нь төрөөс аж үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих үр дүнтэй бодлого боловсруулж хэрэгжүүлсэнд байгаа юм. Мөн төр, хувийн хэвшил, судалгаа шинжилгээний байгууллагууд нэг цогц болж хамтран ажилласны үр дүн гэж харж байгаа” гэсэн юм.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки хэлэхдээ “Япон Улсын Засгийн газраас Эдийн засаг, аж үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газраар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого явуулсаар ирсэн. Монгол Улсыг тогтвортой хөгжүүлэхийн тулд аж үйлдвэрийг төрөлжүүлж, жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Япон Улсын жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлсэн туршлага Монгол Улсын хөгжилд тус нэмэр болоосой хэмээн хүсч байна” гэсэн.
Тэгэхээр Японы төлөөлөгчид манай дарга нарт төр нь хувийн хэвшлийнхээ боломжийг хулгайлах бус хамтран ажиллаж чадвал өөрсөд шиг нь хөгжих боломжтой гэж зөвлөж байна л даа.
Сэтгэгдэл ( 0 )