ТОП-100 аж ахуйн нэгж IPO гаргахад хөрөнгийн үнэлгээ хийлгэхийг шаардахгүй боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 19

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн хөгжилд чухал нөлөө үзүүлж буй үндэсний ТОП-100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх арга хэмжээний хөтөлбөрийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар  баталж, гарын үсэг зурлаа.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан энэ үеэр “УИХ, Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Зээлийн хүүг бууруулах стратеги”, банкны салбарын реформ, төрийн өмчит компанийн хувьчлал зэрэг томоохон шинэчлэлийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо бодлого, зохицуулалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлж, дотоодын аж ахуйн нэгжүүдийг шинэ бүтээгдэхүүн гаргахад тухай бүрт нь дэмжлэг үзүүлж ирсний үр дүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд 60 санхүүгийн шинэ бүтээгдэхүүн гарч, өчигдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 8.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.8 хувиар өссөн байна. Түүнчлэн энэ хугацаанд 5 компани IPO хийж, нийт 340 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүлсэн бол 1 компани 20 тэрбум төгрөгийн нээлттэй бонд гаргаж, биржийн бус зах зээл дээр 76 компани 100 гаруй шинэ бүтээгдэхүүн гаргаж, нийт 1.1 их наяд төгрөгийг татан төвлөрүүлээд байна.

Харин өнөөдрийн баталсан хөтөлбөрийн хүрээнд ТОП-100  аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд IPO хийх, компанийн бонд гаргахад тавих нөхцөл, шаардлага, цаг хугацаа, өртгийг бууруулж, үнэт цаас гаргах ажиллагааг хялбаршуулах хүрээнд IPO хийхэд хөрөнгийн үнэлгээ хийлгэхийг шаардахгүй. Түүнчлэн нээлттэй, хаалттай хүрээнд бонд гаргахад барьцаа, батлан даалт мөн заавал андеррайтертай гэрээ байгуулах зэргийг шаардахгүй зэрэг нэлээдгүй арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Иймд Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжүүд та бүхнийг IPO хийх замаар нээлттэй хувьцаат компани болох, компанийн бонд гаргаж хямд санхүүжилт татах замаар хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож, эдийн засаг, санхүүгийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриалж байна” гэв.

ТОП-100 аж ахуйн нэгжүүд нь IPO хийх замаар нээлттэй хувьцаат компани болох, компанийн бонд гаргаж санхүүжилт татах замаар хөрөнгийн зах зээлд оролцсоноор бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, ашиг, орлогоо өсгөх, урт хугацааны хямд санхүүжилтийн эх үүсвэр татах, компанийнхаа засаглал, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах зэрэг чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top