“Банкууд хувьцааныхаа 40-65%-ийг нэмж гаргах, эсвэл хувьцаа эзэмшигчид хувьцаагаа худалдаж төвлөрлийг бууруулна”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 29

Энэ оны эцэс гэхэд бүх банк хувьцааны төвлөрлөө бууруулах үүрэг хүлээсэн. Тэгвэл Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд тавигдаж буй энэ шаардлагын биелүүлэлтийн хэрэгжилт банкуудад ямар түвшинд байгаа вэ гэдэгт Төв банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн дараах хариултыг өгч байна.

“Өнгөрсөн 30 жилд мөрдөгдсөн банкны тухай хууль тогтоомжоор банкнуудын зохицуулалт илүү либерал, банкны эзэд өөрсдөө хуулийн этгээдийн хязгаарлагдмал хариуцлагатай, эсвэл хувьцаат компани хэлбэртэй байх эсэхээ сонгох боломжтой байсны зэрэгцээ хувь эзэмшилд ч хэмжээ хязгаар тавьж байгаагүй юм.

Олон улсын нийтлэг жишиг, сайн туршлагыг судалсны үндсэн дээрээс том хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг багасгаснаар нэг этгээдийн нөлөөллийн хэт давамгай байдал буурч, бүх оролцогч талуудын ашиг сонирхолтой нийцтэй шийдвэр гарах нөхцөл бүрдүүлж, засаглалыг сайжруулж улмаар санхүүгийн салбарын тогтвортой байдлын нэмэгдүүлэх зорилгоор Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр банк зөвхөн хувьцаат компани хэлбэртэй байхаар зохицуулсан.

Банкны хувьцаа эзэмшлийн хувь хэмжээнд тавигдсан шаардлагыг биелүүлэх ажил үргэлжилж байгаа боловч богино хугацаанд уг шаардлагыг хангуулахад хувьцаанд хөрөнгө оруулах боломжит дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын бэлэн байдлын хувьд тодорхой эрсдэлүүд үүсэж болзошгүй байна.

Нийт арилжааны банкнуудын хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл их байгаа. Ялангуяа нээлттэй хувьцаат компани хэлбэртэй байх системд нөлөө бүхий банкнуудын хувьд хувьцааны төвлөрөл ойролцоогоор 55-95 хувьтай байна. Системд нөлөө бүхий банкнуудын хувьд эхний ээлжинд хувьцаагаа олон нийтэд санал болгох хувь 5-10 хувийн хооронд хэлбэлзэж байгаа бол цаашид нэмж 40-65 хувийн хувьцаагаа нэмж гаргах, эсхүл одоо байгаа хувьцаа эзэмшигчид өөрсдийн хувьцаагаа бусдад худалдах замаар дээрх 20 хувийн шаардлагыг хангуулахаар хүлээгдэж байна.

Одоогийн байдлаар системд нөлөө бүхий 5 банкны олон нийтэд анх удаа санал болгох (IPO) хувьцааны үнэлгээ ойролцоогоор 430 орчим тэрбум төгрөг байхаар хүлээгдэж байгаа бол цаашид нэмж хувьцаа гаргах болон одоо эзэмшиж байгаа хувьцаагаа бусдад худалдах замаар 20 хувийн шаардлагыг хангуулахад ойролцоогоор 1.8-2.0 их наяд төгрөгийн үнэт цаасны арилжаа, хөрөнгө оруулалт татах шаардлага үүсэж байна.

Монголбанкны зүгээс “Банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хянах түр журам”-ын дагуу улирал бүр төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд сануулах арга хэмжээ авч бүрэн хянаж ажиллаж байгаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(64.119.25.5) 2023 оны 05 сарын 29

банкууд IPO хийчихсэн. одоо нэмж 2догч зах зээл үрүү гаргах замаар төвлөрлийг багасгана\n

0  |  0
Top