ТАНИЛЦ: Ээлжийн амралт олгох, амралтын цалин тооцох журам

2023 оны 05 сарын 30

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайдын 2021 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдрийн Дугаар А/191 тушаалаар батлагдсан 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй цалин хөлстэй холбоотой журмыг танилцуулж байна.


НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Ажилтны ээлжийн амралт, ээлжийн амралтын цалинг ажил олгогч тооцож олгохдоо Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 99, 110 дугаар зүйл болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журмыг баримтална.  

1.2.Ажил олгогч нь тухайн ажлын жилийн ээлжийн амралтын хуваарийг ажилтны саналыг үндэслэн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байдлаар зохион байгуулж, жил бүрийн нэгдүгээр улиралд батална.

1.3.Ажил олгогч ээлжийн амралтын хуваарийн дагуу энэхүү журмын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ээлжийн амралт олгох мэдэгдэл”-ийг байгууллагын холбогдох нэгж болон ажилтанд олгоно.

1.4.Ажил олгогч энэхүү журмын 1.2-т заасан хуваарийг батлахдаа хөгжлийн бэрхшээлтэй, эмнэлгийн магадалгаатай болон 18 насанд хүрээгүй ажилтны хүсэлтийг харгалзах, ажилтны жирэмсний болон амаржсаны амралт, хувийн чөлөөг ээлжийн амралттай нь уялдуулах зарчмыг баримтална.

1.5.Ажилтны хоёр ээлжийн амралтын хоорондох хугацаа болон жирэмсэн, амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байсан зэрэг ажлын байр нь хэвээр хадгалагдсан ажилтан ажилдаа орсон тохиолдолд ажил олгогч түүний ээлжийн амралт эдлэх эрх үүсэх хугацааг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан зохицуулалтаас дордуулахгүйгээр хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусган зохицуулж болно.

1.6.Ажил олгогч ажилтны эрүүл мэндийн байдал, гэр бүлийн үүрэг хариуцлага /бага насны хүүхэдтэй, эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй асаргаа, сувилгаа шаардлагатай гэр бүлийн гишүүнтэй гэх мэт/, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл зэргийг харгалзан ээлжийн амралтын нэмэгдэл өдрийг хуульд зааснаас нэмэгдүүлэн тогтоох асуудлыг хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж болно.

1.7.Ажлын зайлшгүй шаардлагаар аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа зогсоход хүрвэл ажилтнуудыг нийтээр нь буюу цех, тасаг, хэсгээр нь амрааж болно.

ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ХУГАЦАА ТООЦОХ

2.1. Ажилтны ээлжийн амралтыг ажлын жилээр тооцно. Ээлжийн амралт олгох ажлын жил нь ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа анх үүсгэсэн өдрөөс эхлэн тооцогдоно.

Жишээ: Ажилтан 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр аж ахуйн нэгж, байгууллагад ажилд анх орсон бол 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэлх хугацааг ажлын нэг жилээр тооцож, дараагийн ээлжийн амралтыг 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүртэлх ажлын жилийн хугацаанд гэх мэтчилэн тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлд заасны дагуу ээлжийн үндсэн болон нэмэгдэл амралтын өдрийг тооцож олгоно.

2.2.Ажилтан ээлжийн амралтаа тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдлэх бол хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын хугацаа нь ажлын 10 өдрөөс доошгүй байна.  

2.3.Ажлын бүтэн бус цагаар ажилладаг ажилтны тухайн ажлын жилд ажилласан нийт цагийг ердийн ажлын өдөрт шилжүүлж ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн үндсэн болон нэмэгдэл амралтын өдрийг тооцож олгоно.

Жишээ 1.Ажилтан нийт 7 жил ажилласан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ажлын нэг өдөрт 6 цаг, долоо хоногт 30 цаг ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2022 оны 8 дугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа эдэлсэн бол түүнд олгох ээлжийн амралтын хугацааг дараах байдлаар тооцно:  

  • Ердийн ажлын өдрийн 8 цагт бүтэн бус цагийн ажилтны ажиллах 6 цагийг харьцуулж, 0.75 (6÷ 8) байх тул ажлын жилд олгох ээлжийн үндсэн амралтын 15 өдрийг 0.75 –аар үржүүлж 11.25 (15 өдөр× 0.75) өдрийн ээлжийн үндсэн амралт олгоно.
  • Ээлжийн нэмэгдэл амралтын 3 өдрийг 0.75-аар үржүүлж 2.25 (3 өдөр× 0.75) өдрийн ээлжийн нэмэгдэл амралт олгоно.
  • Ажилтны ээлжийн амралтын нийт өдөр 13.5 (11.25 өдөр+2.25 өдөр) байна.

Жишээ 2.Ажил олгогч ажилтантай долоо хоногт 20 цаг ажиллах 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан бол ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн үндсэн амралтын хугацааг дараах байдлаар тооцно:

  • Ээлжийн үндсэн амралтын өдөр 15÷ 12 сар× 6 сар =7.5 өдөр;
  • Долоо хоногийн ажлын бүтэн бус цаг 20 ÷ Долоо хоногийн ажлын бүтэн цаг 40 = 0.5;
  • Ажилтны ажилласан хугацаанд ногдох ээлжийн үндсэн амралт 7.5 өдөр× 0.5 = 3.75 өдөр

Жишээ 3.Ажлын бүтэн бус цагаар ажиллах хөдөлмөрийн гэрээтэй ажилтан тухайн ажлын жилд нийт 980 цаг ажилласан бол түүнд олгох ээлжийн үндсэн амралтын хугацааг ердийн ажлын цагт шилжүүлэн дараах байдлаар тооцно:

  • Ажлын цаг 980÷ 8 цаг =122.5 ердийн ажлын өдөр;
  • Ажлын нэг өдөрт ногдох ээлжийн үндсэн амралтын өдөр 15÷ 12 сар÷ 21 өдөр = 0.059
  • Ажилтанд олгох ээлжийн үндсэн амралтын өдөр 122.5× 0.059 = 7.22 өдөр болно.

2.4.Насанд хүрээгүй ажилтан ээлжийн амралт эдлэх ажлын жилийн дотор 18 насанд хүрсэн бол түүний ээлжийн амралтын хугацааг тодорхойлохдоо 18 насанд хүрэхийн өмнөх ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын хугацаа болон 18 насанд хүрсний дараах ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын хугацааг тус тусад нь тооцож нэгтгэн гаргана. Ингэхдээ 18 насанд хүрсэн сарыг 18 насанд хүрэхийн өмнөх ээлжийн амралтын хугацаанд оруулж тооцно.

Жишээ: 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх ажилласан хугацааны ээлжийн амралтаа 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эдлэх ажилтан 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 18 насанд хүрсэн гэвэл түүний ээлжийн амралтын хугацаа нь 19.58 [(20÷ 12× 11)+(15÷ 12× 1)] ажлын өдөр байна.

2.5.Хүүхэд асрах чөлөөтэй байсан, цэргийн жинхэнэ алба хаасан, 6 сараас дээш хугацаагаар сургалтад хамрагдсан, гэрч, хохирогчийн хамгаалалтад байсан, ажил үүрэг гүйцэтгэхийг эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн хугацаанд ээлжийн амралт тооцож олгохгүй.

2.6.Жирэмсний болон амаржсаны амралттай байсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 138.1-д заасны дагуу тэтгэмжтэй чөлөөтэй байсан, зохих журмын дагуу олгосон хувийн чөлөөтэй байсан, хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацаанд ээлжийн амралт тооцож олгоно. 

2.7. Ээлжийн амралтын үргэлжлэх хугацаанд жирэмсний болон амаржсаны амралттай байсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 138.1-д заасны дагуу тэтгэмжтэй чөлөөтэй байсан, зохих журмын дагуу олгосон хувийн чөлөөтэй байсан, хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааг оруулахгүй.

2.8.Ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох үед ажил олгогч нь ажилтантай ээлжийн амралтын тооцоог дараах байдлаар хийнэ. Үүнд:

1/ ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралтын цалинг олгох;

2/ ажилтнаас илүү олгосон ээлжийн амралтын цалингийн суутгалыг хийх.

Жишээ 1.Ажлын 20 өдрийн ээлжийн амралт эдлэх ажилтан 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны ажлын жилийн ээлжийн амралтыг 2020 оны 6 дугаар сард эдэлж, мөн оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь цуцлагдсан бол түүний ээлжийн амралт эдлэх ёстой 6 (2020 оны 3 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 1 хүртэлх) сарын хугацаанд ногдох ээлжийн амралтын 10 (20÷ 12× 6) өдрийн тооцоог хийж, ээлжийн амралтын цалинг олгоно. Энэ тохиолдолд энэхүү журмын хавсралтаар баталсан ээлжийн амралтын тооцоо хийх хуудсыг хэрэглэнэ.

Жишээ 2.Ажлын 18 өдрийн ээлжийн амралт эдлэх ажилтан 2020 оны 2 дугаар сарын 1-нээс 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны ажлын жилийн ээлжийн амралтыг 2020 оны 8 дугаар сард эдэлж, мөн оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон бол ээлжийн амралтыг урьдчилан эдэлсэн 3 (2020 оны 11, 12 дугаар сар, 2021 оны 1 дүгээр сар) сард ногдох 4.5 (18÷ 12× 3) өдрийн амралтын цалинг уг ажилтнаас суутгаж тооцно.

Жишээ 3.Ажил олгогч ажлын 15 өдрийн ээлжийн амралт эдлэх ажилтантай 3 сар дагалднаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан. Дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул түүний ээлжийн амралт эдлэх ёстой 3 (2019 оны 9 дүгээр сарын 2-ноос 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх) сарын хугацаанд ногдох ээлжийн амралтын 3.75 (15÷ 12× 3) өдрийн тооцоог хийж, ээлжийн амралтын цалинг олгоно. Энэ тохиолдолд энэхүү журмын хавсралтаар баталсан ээлжийн амралтын цалингийн тооцоо хийх хуудсыг хэрэглэнэ.

2.9.Ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох нөхцөл үүсээгүй байгаа бол түүний ээлжийн амралтыг ажлын нэг жилээр тооцож олгоно. Жишээлбэл, ажилтан нэг байгууллагад 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр ажилд ороод 11 дүгээр сарын 1-ний өдрөөс ээлжийн амралтаа эдлэхээр бол 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх ажлын нэг жилийн хугацааны ээлжийн амралтыг бүрэн тооцож олгоно.

2.10.Ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан хуулиар тогтоосон өдрийн болон долоо хоногийн ердийн ажлын цагийн хязгаарыг баримтлах боломжгүй улирлын шинжтэй болон ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийн оргил ачааллын үед тодорхой хугацаагаар ажиллуулсан ажилтны ээлжийн амралтын хугацааг “Ажлын цагийг нэгтгэн бодох журам”-ын дагуу ажлын цагийг тодорхойлж, ердийн ажлын өдөрт шилжүүлэн тооцно.

            Жишээ: Ажилтан зам барилгын ажилд 2022 оны 4 сарын 10-ны өдрөөс 2022 оны 11 сарын 1-ны өдөр хүртэл ажлын өдрийн уртасгасан цагаар буюу өдөрт 10-12 цаг ажилласан бөгөөд байгаль цаг уурын шалтгаанаар ажлын өдрийн үргэлжлэл харилцан адилгүй байсан. Ажилтан дээрх хугацаанд өдөрт 12 цагаар ажлын 90 өдөр, өдөрт 10 цагаар 50 өдөр, өдөрт 8 цагаар 32 өдөр ажилласан бол нийт 172 өдөр буюу 1836 (90× 12+50× 10+32× 8) цаг ажилласан байна.

Ажилласан 172 өдөрт ногдох ээлжийн үндсэн амралт 10.24 (15÷ 12 сар÷ 21 өдөр× 172 өдөр) өдөр болно.

2.11. Ажилтны ээлжийн амралтын нэг сард ногдох өдрийн тоог тухайн ажилтанд олгох ээлжийн амралтын нийт хугацааг 12 сард хувааж, ажлын нэг өдөрт ногдох ээлжийн амралтын хугацааг тухайн ажилтанд олгох ээлжийн амралтын хугацааг ажлын жилийн нийт ажлын өдрийн тоонд хувааж тус тус тооцно.

2.12.Ээлжийн амралтын нэг сар, нэг өдөрт ногдох хугацааг доорх хүснэгтээр харуулбал:

Ээлжийн амралтын хугацаа

(ажлын өдрөөр)

Нэг сард ногдох ээлжийн амралтын хугацаа

Ажлын нэг өдөрт ногдох ээлжийн амралтын хугацаа

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

1.25

1.33

1.42

1.50

1.58

1.67

1.75

1.83

1.92

2.00

2.08

2.17

2.25

2.33

2.42

2.50

2.58

2.67

2.75

0.059

0.063

0.067

0.071

0.075

0.079

0.083

0.087

0.091

0.095

0.099

0.103

0.107

0.110

0.115

0.119

0.122

0.127

0.130

 

2.13.Ажилтны ажилласан хугацааг харгалзан ээлжийн нэмэгдэл амралтыг дор дурдсанаар тооцож олгоно:

 

Ажилтны ажилласан хугацаа

 (жилээр, сараар)

Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд олгох нэмэгдэл амралтын хугацаа

(өдрөөр)

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд олгох нэмэгдэл амралтын хугацаа

(өдрөөр)

6 дахь жилийн эхнээс 10 дахь жилийг дуустал (61-120 сар)

3

5

11 дэх жилийн эхнээс 15 дахь жилийг дуустал (121-180 сар)

5

7

16 дахь жилийн эхнээс 20 дахь жилийг дуустал (181-240 сар)

7

9

21 дэх жилийн эхнээс 25 дахь жилийг дуустал (241-300 сар)

9

12

26 дахь жилийн эхнээс 31 дэх жилийг дуустал (301-372 сар)

11

15

32 дахь жилээс дээш

(373 ба түүнээс дээш сар)

14

18

 

2.14.Хөдөлмөрийн тухай хуулийн 99.5, 99.6-д заасан нэмэгдэл амралтыг хөдөлмөрийн хэд хэдэн нөхцөлд ажилласан ажилтанд олгохдоо хэвийн болон хэвийн бус нөхцөлд ажилласан хугацааг тус тусад нь тооцож, нэмэгдэл амралтын нийт өдрийг гаргана.

ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ

3.1.Ажилтны ээлжийн амралтын цалинг ээлжийн амралт эдлэхээс өмнө олгоно.

3.2.Ээлжийн амралтаа хэсэгчлэн эдэлж байгаа ажилтны ээлжийн амралтын цалинг бүтнээр, эсхүл ээлжийн амралтыг хэсэгчлэн авч байгаа хугацаанд нь ногдох хэмжээгээр амрах тухай бүрт олгож болно.   

3.3.Ээлжийн амралтын цалин бодох дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал багтана.

3.4.Ээлжийн амралтын цалинг тооцохдоо өмнө эдэлсэн ээлжийн амралтаас хойш ажилласан саруудын цалин хөлсний нийлбэрийг, тухайн саруудад ажилласан ажлын өдрийн нийлбэр тоонд хуваан ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг гаргаж ээлжийн амралтын өдрөөр үржүүлж бодно.  

Жишээ: Ажилтан 2020 оны 7 дугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа ажлын 15 өдөр эдлээд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ажилдаа орж, 2021 оны ээлжийн амралтаа 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эдэлсэн бол түүний ээлжийн амралт тооцох дундаж цалин хөлсийг дараах байдлаар тооцно:

Ажилласан сар

Сарын цалин хөлс

/төгрөг/

Сарын ажлын өдрийн тоо

1

2020 оны 7 дугаар сар

312,500

5

2

2020 оны 8 дугаар сар

1,312,500

21

3

2020 оны 9 дүгээр сар

1,375,000

22

4

2020 оны 10 дугаар сар

1,312,500

21

5

2020 оны 11 дүгээр сар

1,312,500

21

6

2020 оны 12 дугаар сар

1,375,000

22

7

2021 оны 1 дүгээр сар

1,312,500

21

8

2021 оны 2 дугаар сар

1,125,000

18

9

2021 оны 3 дугаар сар

1,375,000

22

10

2021 оны 4 дүгээр сар

1,312,500

21

Дүн

12,125,000

194

Нэг өдрийн дундаж цалин хөлс

(12,125,000 төгрөг÷ 194 ажлын өдөр)

62,500

 

Ээлжийн амралтын цалин

(62,500 төгрөг× 15 өдөр)

937,500

 

 

3.5.Ажилтан ажилд ороод анх удаа ээлжийн амралт эдлэх бол ээлжийн амралтын цалинг анх ажилд орсон өдрөөс хойш ажилласан саруудын цалин хөлсний нийлбэрийг тухайн саруудад ажилласан өдрийн нийлбэрт хуваан нэг өдрийн дундаж цалин хөлсийг гаргаж, ээлжийн амралтын өдрөөр үржүүлж тооцно.

3.6.Жирэмсний болон амаржсаны амралттай байсан ажилтан уг амралтаа дууссаны дараа үргэлжлүүлэн ээлжийн амралтаа эдлэх бол түүний өмнө эдэлсэн ээлжийн амралтаас хойш болон жирэмсэн, амаржсаны амралтаа авахаас өмнө ажилласан саруудын цалин хөлсний нийлбэрийг нийт ажилласан өдрийн тооны нийлбэрт хувааж ээлжийн амралтын өдрийн тоогоор үржүүлж бодно.

Жишээ: Ажилтан 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр анх ажилд орсон ба 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралт авсан. Ажилтны уг амралтын хугацаа 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дуусч, ээлжийн амралтаа үргэлжүүлэн эдлэх бол ээлжийн амралтын цалинг дараах байдлаар тооцно:

   №

Ажилласан сар

Сарын цалин хөлс

/төгрөг/

Сарын ажлын өдрийн тоо

1

2020 оны 8 дугаар сар

1,050,000

22

2

2020 оны 9 дүгээр сар

1,050,000

21

3

2020 оны 10 дугаар сар

1,050,000

22

4

2020 оны 11 дүгээр сар

1,050,000

22

5

2020 оны 12 дугаар сар

650,000

13

Дүн

4,850,000

100

Нэг өдрийн дундаж цалин хөлс

(4,850,000 төгрөг÷ 99 ажлын өдөр)

48,500

 

Ээлжийн амралтын цалин

(48,500 төгрөг× 15 өдөр)

727,500

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top