Ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг баталлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 30

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Төслийг эцсийн хэлэцлүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Засгийн газраас 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2023 оны тавдугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Байнгын хороо 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг тогтоолын төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллыг жигдлэх хууль зүйн техникийн засваруудыг хийсэн байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллыг гүйцээн боловсруулах чиглэл өгч, Байнгын хороонд шилжүүлснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан санал хураалт явуулсан байна. Тэдгээр саналын томьёолол тус бүрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, хэлэлцүүлгийн явцад тусгагдсан саналуудтай холбоотой хөрөнгө оруулалт, санхүүжилт нь төсөл дэх 2024 оны шинэ хөрөнгө оруулалтын дүнгээс давахуйц байгааг гэдгийг тодотгоод, энэ талаар тодруулсан. Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналуудыг төсөлд тусгасан, гэхдээ 2024 оны улсын төсвийн төслийг төлөвлөхдөө эдгээрийг эрэмбэлж, холбогдох шаардлагад нийцүүлэн төлөвлөнө гэдэг хариултыг Б.Баттөмөр гишүүн өгсөн. Мөн санхүүжилтийг нь эхлүүлж, он дамнан үргэлжилж байгаа зарим нэг төсөл төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд нэр заагдаагүй, үлдсэн байгааг Ж.Батжаргал гишүүн сануулж, тодорхой төслүүдийн талаар лавлав. Нэгэнт ажлыг эхлүүлсэн, санхүүжилтийг нь өмнөх онуудад төсөвлөөд, үргэлжилж байгаа төслүүдийг дуусгах зарчмыг Засгийн газар баримталж байгааг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хэлээд, тухайлан лавласан төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг холбогдох журам, шаардлагад нийцүүлэн боловсруулж, төлөвлөх талаар байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд тусгагдсан зарлага, зардлын талаарх гишүүний асуулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар хариулт, тайлбар өгсөн.

Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар өргөн хэрэглээний хүнс, бараа, үйлчигээний инфляцыг хэрхэн бууруулах талаар, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг эргэлтэд оруулах, төрийн өмчит компаниудын санхүүгийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох талаар саналаа илэрхийлсэн. Тэрбээр, 2023 оны эхний 4 сарын инфляц болон үнийн өсөлт 11.3 хувь байсан бөгөөд үүнийн 42 хувь нь цэвэр хүнсний инфляц гэдгийг тодотгов. Энэ дунд махны үнэ өндөр байгаа нь их нөлөө үзүүлж байгааг тэмдэглэсэн. 70 сая малтай улс атлаа махны үнэ он гарснаас хойш 18 хувиар өссөн байгаа нь анхаарууштай асуудал болохыг сануулав. Хэдийгээр нөөцийн мах худалдаалж байгаа ч махны нийлүүлэлтийн “гинжин хэлхээ” алдагдаж байгаа тул нийлүүлэлтийн шинэ механизм бий болгох, махны бүсчилсэн сүлжээний зангилаа (hub) үүсгэх  саналыг хэлж байв.

Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, төсөл дэх ажлын байрыг нэмэгдүүлэх төлөвлөлт болон ядуурлыг бууруулах чиглэлд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулав. Төсөлд өрхийн орлого болон ажлын байрыг нэмэгдүүлэх 8 тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан хэмээн ажлын хэсэг хариулав. Энэ онд 55.211 ажлын байрны захиалга бий болно хэмээн төлөвлөсөн байсныг дурдаад хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан холбогдолтой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний үр дүнд 2024 онд 60.000 ажлын байр бий болно гэдэг төлөвлөлт, тооцооллыг танилцуулсан юм.

Ийнхүү гишүүд Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэссэн юм. Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 41 гишүүний 73.2 хувь нь дэмжин, баталлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцдаа Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналуудыг анхаарах, түүнчлэн хувийн хэвшлээ дэмжиж, хамтран ажиллахад онцгой анхаарахыг чиглэл болгов. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top