"Хү хамтлаг" сэдэвт марк худалдаанд гарлаа

2023 оны 06 сарын 01

 

“ХҮ ХАМТЛАГ” (THE HU) сэдэвт шуудангийн шинэ марк болон анхны өдрийн дугтуйн нээлтийн ёслол 2023 оны тавдугаар сарын 31-нд "Чингис хаан" үндэсний музейд боллоо.

Маркийг бүтээхэд ХҮ ХАМТЛАГ-ийн хамт олон зөвлөгөө өгч, зураач, дизайнераар Б.Хишигсүрэн ажиллажээ.

“ХҮ ХАМТЛАГ” маркийг 30 мянган ширхэг хэвлэгдсэн байна. Маркийн нүүрний үнэ 3000 төгрөгөөр гүйлгээнд гаррлаа.

Маркийн тайлбар: “ХҮ ХАМТЛАГ” сэдэвт блок маркт "Ертөнцийн дөрвөн их хүч Аянга, Салхи, Гал, Усаар хөглөгдөж, уулсын хаан, туульсын орон Монгол Алтайн сүр жавхлант Жаргалант хайрхны өвөрт босоод, тэнгэр газрын ивээлээр, наран сарны тохиолоор хараа ихт, дөрвөн хөхөлт догшин Хар тугаа мандуулж, өвөг дээдсийнхээ захиас уламжлалыг онгон дагшин байгалийн бэлгэдэл Товшуур, орчлон хорвоогийн цаглашгүй хүч Аянга хуур, омогт сахиусан тэнгэрээ хурайлан дуудах Гал хуураар язгуур урлагийн их өв, Монгол соёлоор дайлна" гэсэн зохиомжтой.

Монгол Улсын гавьяат жүжигчин, "Чингис хаан" одонт, продюсер Б.Дашдондог есөн жилийн судалгаа, эрэл хайгуул хийсний үрр дүнд дэлхийн хүчтэй рок урсгалуудын дунд Хүннү рок урсгалын "Хү" хамтлагийг 2016 онд үүсгэн байгуулсан. Хамтлагийн нэрийн хувьд Хүннү үгийн судалбарт, эр эм хүйс харгалзахгүй оюун ухаант хүмүүний эх үг нь "ХҮ" гэсэн байдаг ба үүнээс улбаалан уг нэрийг өгсөн байна.

“Хү” хамтлаг нь 2019 онд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон, 2022 онд ЮНЕСКО-ин Энх тайвны төлөө уран бүтээлчид (Artists for Peace)  өргөмжлөлийг гардаж авсан. BIILLBOARD-ын шилдэг 10 дууны жагсаалтад байнга орж буй бөгөөд “Чонон сүлд” дуу нь 2021 оны Канадын Алтан дууны шагнал (Canadian Golden Songs), 2022 оны Америкийн Алтан дууны шагналыг (American Golden Songs) тус тус хүртсэн бөгөөд дэлхийн алдартай дуу, хөгжмийн их наадмуудад оролцож 270 гаруй удаа тоглолт хийжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top