Я.Болдбаатар: "Оюу Толгой"  компани хаягдал усны дүгнэлт гаргуулаагүй, төлбөр тооцоо хийгдээгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 07

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо.

Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн мэдээлэлтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун түүнээс "Ус хамгийн их хэрэглэдэг салбар бол уул уурхай, тэр дундаа усны нөөц ховор говьд үйл ажиллагаа эрхэлдэг "Оюу Толгой" компанийн ус ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх талаар ямар ажил хийгдэж байна вэ" гэсэн асуулт тавилаа.

Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Болдбаатар хариултдаа, "Оюу Толгой"  компани жил болгон ус ашиглалтын дүгнэлтийг гаргуулж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдаагүй гэдэг үүднээс хаягдал усны дүгнэлт гаргуулаагүй, төлбөр тооцоо хийгдээгүй байгаа.  Усны нөөц, түвшинг мониторингийн хяналтаар байнга хянаж, улирам тутам тайлан мэдээг нь авдаг.  

Усны үнэ тарифын хувьд 2013 оны 326 тогтоолын дагуу зэс, нүүрс, алт, архи, пиво ундааны үйлдвэр эрхлэгчдээс ус ашигласны төлбөрийг 20 хувь байсныг 35 хувь болгон нэмэгдүүлэн хураан төвлөрүүлж байгаа. 

Усны тухай хуулийн дагуу усны экологи, эдийн засгийн үнэлгээ, газрын доорх усны үнэ тариф мөн сав газар болгоноор гадаргын усны үнэлгээг тогтоосон байдаг. Хуулийн холбогдох заалтын дагуу ус ашигласны төлбөрийг хамгийн дээд хувь буюу 35 хувиар тооцон "Оюу Толгой" компаниас авч байгаа гэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.216.189) 2023 оны 06 сарын 07

говьд ус алтнаас үнэтэй шүү оюу толгой цэвэр ус ашигладаг мэдээ гарч байсан даа сүүлдээ цөл үлдээгээд хүн амьдрах аргагүй болгох вий дээ дахин дүгнэлт гаргуулаач дээ

0  |  0
зочин(202.9.46.117) 2023 оны 06 сарын 07

Оюу толгойн усны хэрэглээг сайтар шалгах хэрэгтэй.Говь Усгүй болчихвол Говийн ирээдүй үгүй тэнд хүн мал ургамал үгүй болно. Оюу толгойн нөхдүүд Дахин усыг хэрэглэж байгаа гээд жижигхэн тогтоол ус шиг юмаа харуулаад байдаг юм билээ.

0  |  0
Top