Герман улстай ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 07

“Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн 8 дугаар хуралдаан  Улаанбаатар хотноо өчигдөр /2023.06.06/ зохион байгуулагдлаа.

Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн 8 дугаар хуралдааныг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, ХБНГУ-ын Холбооны Эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах яамны Парламентын төрийн нарийн бичгийн дарга Ф.Брантнер нар тэргүүлэв.

Засгийн газар хоорондын хуралдаанаар Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хооронд 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр”-ийн хүрээнд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, ололт амжилт, алдаа оноо, саад бэрхшээлийг хэлэлцэн, цаашид хоёр орны хамтын ажиллагааг ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүч болон мэргэжлийн боловсролын салбарт үр дүнтэй үргэлжлүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. 

Мөн хоёр орны хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилго бүхий Ажлын хэсгийн дэргэдэх Монгол, Германы Эдийн засгийн хорооны Монголын талын дарга “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт, Германы талын дарга wpd ХХК-ийн Ерөнхий захирал ба Ази хариуцсан захирал Ханс-Кристоф Брумберг нар 2023 оны зургадугаар сарын 5-ны өдөр зохион байгуулагдсан Монгол, Германы Эдийн засгийн хорооны 9 дүгээр хуралдааны үр дүн, хуралдааны протоколд тусгах тодорхой саналыг танилцууллаа. 

Энэхүү хуралдаанд хоёр орны хувийн хэвшлийн төлөөллүүд идэвхтэй оролцож, цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар бодит саналуудыг солилцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top