Монгол, Орос, Хятадын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын Худалдаа, эдийн засгийн XVI чуулган Улаанбаатар хотноо болж байна.
Чуулганд оролцож буй БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны Орлогч дарга Жан Шао Ганы байр суурийг хүргэе.
Тэрбээр “Өнгөрсөн оны 9 дүгээр сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нартай гурван улсын төрийн тэргүүн нарын зургаа дахь уулзалтыг Самарканд хотноо хийж, талууд "Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын хөтөлбөр"-ийг таван жилээр сунгасан нь гурван талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны ирээдүйд шинэ чиг хандлагыг зааж өгсөн.
Төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнг тууштай хэрэгжүүлэхийн төлөө МҮХАҮТ, ОХУ-ын ХАҮТ-тай хамтран ажиллана. Энэхүү чуулга уулзалтыг шинэ боломж, гурван талт хамтын ажиллагааны өсөлтийн цэг, бизнес эрхлэгчдийг ойртуулах платформ гэж үзэж байна гэлээ.
Мөн тэрбээр Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороо нь Хятад, Орос, Монгол гурван талт хамтын ажиллагааг чухалчлан үзэж, хэлэлцээ, худалдаа эдийн засгийн чуулганыг тогтмол зохион байгуулж, худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэлийн харилцааг бэхжүүлэхийг зорьсоор ирснийг онцлоод худалдааны танхим, худалдааг дэмжих агентлагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх ажлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, хөгжлийн стратегийг нэгтгэх боломжийг ашиглах замаар гурван улсын эдийн засаг, худалдааны харилцан ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар тодорхой саналуудыг дэвшүүллээ. Мөн бизнесийн хүрээнийхэн бол эдийн засаг, худалдааны бодит хамтын ажиллагааны гол хүч, шууд ашиг хүртэгчид гэдгийг тодотгоод гурван улсын бизнес эрхлэгчид Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, уламжлалт худалдааны цар хүрээг өргөжүүлэх, худалдааны арга барилыг шинэчилж, хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэх өргөн боломж нээлттэй байгааг цохон тэмдэглэв.
Сэтгэгдэл ( 0 )