Гадаад валютын албан нөөц энэ оны тавдугаар сарын байдлаар 3 тэрбум 896 сая 87 мянган ам.доллар болсон байна. Энэ нь өмнөх сараас 5.57 хувиар, оны эхнээс 14.63 хувиар, жилийн өмнөхөөс 24.65 хувиар өссөн дүн юм. Жилийн өмнө буюу 2022 оны тавдугаар сард гадаад валютын нөөц 3 тэрбум 126 сая 30 мянган ам.доллар байсан байна.
Тодотгоход, Монголбанк 2022 онд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид огцом хэлбэлзэл үүсгэхгүй байх зорилгоор спот арилжааны цэвэр дүнгээр нийт 2,359.7 сая ам.долларыг валютын захад нийлүүлжээ.
Монголбанкнаас 2022 онд нийт 97 удаа гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, дуудлага худалдаа болон цахим талбараар дамжуулан цэвэр дүнгээр 5,999.3 сая ам.доллар нийлүүлсэн нь өмнөх онтой харьцуулахад 66.3 хувиар буюу 2,391.5 сая ам.доллароор өссөн үзүүлэлт юм.
Үүнээс 953.5 сая ам.долларыг Монголбанкнаас нефть, нефтийн бүтээгдэхүүн, хий болон цахилгаан эрчим хүчний импортын төлбөрт зориулж холбогдох хуулийн дагуу олгосон гэлээ.
Харин Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03/3/А-5 дугаар хамтарсан тушаалын дагуу төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдээс 2022 онд нийт 3,518.6 сая ам.доллар, бусад арилжаагаар 121.0 сая ам.долларыг тус тус худалдан авч, Төв банкны тухай хуульд заасны дагуу Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн гүйцэтгэх үүргийн хүрээнд цэвэр дүнгээр 554.3 сая ам.доллартой тэнцэх гадаад зээл, бондын үндсэн ба хүүгийн төлбөрийг хийж гүйцэтгэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Өрөө. Үргэн төлж барагдуул өргүй бол ббаян