Б.Жавхлан: Төсөвт 1.8 их наяд төгрөгийн тодотгол хийнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 09

Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслийг Засгийн газраас өчигдөр УИХ-д өргөн барив. Үүний дараагаар Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр Сангийн сайд "Төсөвт тодотгол хийх хуулийн төслийг өргөн барилаа.

Түүхий эдүүдийн экспорт богино хугацаанд нэмэгдсэн. Ноднин жилийн төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдал, Монголбанкны валютын нөөц, үзүүлэлт илт сайжирч гарсан. Энэ удаад 1.8 их наяд төгрөгийн тодотгол хийх гэж байна. Үүний 50 хувь буюу 996 тэрбум төгрөг нь төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд зарцуулагдаж байна. Мөн ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэхэд 396 тэрбум, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох, өнгөрсөн зургаан сарын мөнгийг нөхөж олгоход нийт 167 тэрбум төгрөг зарцуулахаар шийдлээ" гэв.

Түүнчлэн "Түгжрэлийг бууруулахад өнгөрсөн жил 420 тэрбум зарцуулахаар төсөвлөсөн. Түүний үргэлжлэл болох 187 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт хуваарилсан. Мөн зорилтот халамжийн тэтгэмжид 89.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдлээ" гэсэн бол ахмад настны тэтгэврийн талаар "Тэтгэвэр дээр хэд хэдэн зөрүүний тухай ойлголт байдаг. Тухайлбал, 1990, 2000 он хүртэл цалин бага байх үед тэтгэврээ тогтоолгосон хүмүүс бий. Гэтэл түүнтэй адил мэргэжлийн, ойролцоо жил улсад ажилласан хүмүүс 2020, 2021 онд тэтгэвэрт гарчихаар тэтгэвэр нь өөр байгаад байдаг. Үүнийг итгэлцүүрээр ойролцоо түвшинд аваачна. Гэхдээ бүгд ижил түвшинд очно гэж байхгүй. Ойролцоо түвшинд гэдгийг ойлгох ёстой. Зэрэглэл, ангилал нь ойролцоо боловч ажилласан жил, цалингийн хэмжээгээр хүн бүрд өөр өөр гарна.

Тухайлбал, 500 мянган төгрөгийн цалин авч байсан багш 1990 онд тэтгэврээ тогтоолгоод гарсан бол 2022 онд мөн ижил ангилалтай багшийн цалинтай итгэлцүүрээрээ ижил болж ирнэ. 1990 оны итгэлцүүр жишээ нь 2060 байх жишээтэй. 500 мянгыг 2060-аар үржүүлэхээр 1.030.000 мянган төгрөг. Энэ 1.030.000 төгрөгөөсөө тухайн хүний ажилласан жил, цалингийн хэмжээгээр нь тэтгэврийг нь тогтоогоод 2022 онд тэтгэвэрт гарсан багштай ойролцоо түвшинд тэтгэвэр нь ирнэ гэсэн үг. Ингээд итгэлцүүрээр тэр зөрүүг ойртуулсаны дараа дахин нийт тэтгэвэр авагч 496 мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр 10 хувиар дахиж нэмэгдэнэ гэсэн үг" гэлээ.Мөн Сангийн сайд Б.Жавхлан сонгууль явуулахад шаардлагатай техник хангамжид зарцуулах хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр, Ирэх онд сонгууль болно. Сонгуулийн гол техник хэрэгсэл нь хар машин. Мөн хуруу уншдаг иргэний бүртгэлийн техник хэрэгслүүд хуучирсан байна. Ашиглаж болох ч зүйл байна. Болохгүй ч зүйл байна. Шаардлагатай худалдан авалтыг хийхэд СЕХ-нд 15 тэрбум, УБЕГ-т 18 тэрбум гээд нийтдээ 33 тэрбум төгрөг хэрэг болно. Үүнийг сонгуулийн техник хангамжид зарцуулахаар суулгаж өгсөн байна" гэсэн юм.

 

Х.Булгантуяа: 161 мянга орчим хүний тэтгэвэр нэмэгдэхгүй

 

 

Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр бодоход нийт 200 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Тэтгэвэр авагч 481 мянган иргэний 165 мянга орчмынх нь тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгдэнэ. Харин 161 мянга орчим хүний тэтгэвэр нэмэгдэхгүй. Учир нь эдгээр хүмүүсийн цалин, тэтгэврийн мэдээлэл архиваас олдохгүй байна.

Зарим нь сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа. Төлөхдөө бага хэмжээгээр төлж байсан бол бага гарна. 2012 онд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдаж байсан. Хүмүүс нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөж төлөөд тэтгэвэр авах боломж бололцоо нь бүрдсэн. Энэ хуулийн хүрээнд 608 мянган хүн хуульд хамрагдаж, ажилласан жилийнхээ даатгалыг нөхөж төлсөн байгаа. Тухайн үедээ 38 тэрбум төгрөг төлж байсан. Одоо бол хоёр их наяд төгрөгийг тэтгэвэр болгоод авсан гэсэн үг. Нөхөж төлөх хууль гаргах нь нийгмийн даатгалын санд хүндээр тусдаг. Тэгэхээр нөхөж төлсөн эдгээр хүмүүсийн тэтгэвэр нэмэгдэхгүй, архив нь байхгүй гэсэн үг" гэсэн тайлбарыг өглөө.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top