Маргааш "HURD-30" тоглолтоо хийх “ХУРД” хамтлагийн 30 баримт

2023 оны 06 сарын 09


Монголын рок попын ертөнцийн домог болсон "Хурд" хамтлаг маргааш буюу 2023 оны зургаадугаар сарын 10-нд 30 жилийн ойн тоглолтоо хийх гэж байгаа билээ. 30 жилийн турш Монголын рок поп ертөнцийн түүхийг бичилцэж, бүтээн босголцсон тэдний гал цог одоо ч хэвээр... 

Ойдоо зориулан 30 хит дуугаа Монгол орныхоо үзэсгэлэнт 30 газар эгшиглүүлсэн тэд хэзээ ч мартагдахгүй онцгой үдшийг сонсогчдодоо бэлэглэхээр зэхжээ. Ингээд домогт "Хурд" хамтлагийн тухай 30 баримтыг толилуулъя. 



1. "Хурд" рок хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Улмаар 1991 оны ардчилсан хувьсгалын үеэр хамтлаг тарж, тус бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин Д.Ганбаяр 1993 оноос "Хурд" хамтлагийн одоогийн бүрэлдэхүүнийг нэгтгэн, уран бүтээлээ туурвиж эхэлсэн байна. 

2. Төрсөн ах дүүсийн байгуулсан "Хурд" хамтлаг нь 6 гишүүнтэйгээр анхны “Хар салхи” бүрэн хэмжээний концертоо 1995 оны гуравдугаар сард Улсын циркт амжилттай тоглож, цоо шинэ давалгаа эхлүүлжээ. 
 

 

3. 1998 онд Монголд анх удаа “UNPLUGGED” концерт тоглов.

4. 2001 онд сонгодог оркестр хөгжимтэй хамтран “Симфони Хурд” тоглолт тавив.

5. "Хурд" хамтлаг Монголын рок поп хөгжмийн дээд шагнал гардуулах ёслолоос 12 удаа шагналыг хүртжээ.

6. 2013 онд хамтлагийн 20 жилийн ойдоо зориулан "Алтан пянз" гаргав. Уг пянзанд хамтлагийн супер хит болсон 9 дуу багтжээ. 

7. "Хурд"-ынхны аав Ц.Дамба, ээж П.Лхамжав нар төмөр замын салбарт ажил, хөдөлмөрөө зориулсан буурлууд юм.

 

 

8. 10 хүү 1 охинтой энэ айлын хүүхдүүд тун хүмүүжилтэй хийгээд сахилга баттай, хөгжимд дуртай хүүхдүүд байжээ. 

9. Гитарчин Д.Отгонбаяр "Хурд" байгуулагдахаас ч өмнө манай гэр бүлд нь аль хэдийнэ хамтлаг байгуулагдчихсан байсан тухай сонирхуулж ярьсан байдаг. 

10. Ахлагч Д.Ганбаяр "Ээжийн минь авьяасын оч үсэрч, бидэнд ирсэн. Харин бид хүнийг хүндэлж, хүнээс үг сонсч, хүлээцтэй, тууштай байхыг ааваасаа сурсан" хэмээн гэр бүлийнхнээ тодорхойлжээ. 

11. Хамтлагийн дуучин Д.Төмөрцог 9 настайдаа гитар тоглож сурчээ. 

12. "Аавыгаа амьд сэрүүн байхад “Аавдаа би хайртай” дууг тайзан дээр тоглоод зогсч байхдаа нэг их юм боддоггүй байж. Үзэгчид уйлж байгааг хараад дотроо мэлмэрч, их л хэцүү байдаг байхдаа гэж боддог байсан. Нэг залуу “Та нар ганцхан аавтай юм уу” гэж хүртэл уйлж орилсон удаатай"... Хамтлагийн ахлагч Д.Ганбаярын дурсамжаас

 

 

13. "Хурд" хамтлаг Ардын жүжигчин Б.Дамчаатай хамтран дуулсан "Эх орон" дуу хилийн чанадад суугаа монголчуудад төдийгүй эх орондоо суугаа хэн бүхний сэтгэлийг өнөөг хүртэл дүүргэсээр байна. 

14. Гитарчин Н.Наранбаатар "Нэг цаг амраад л гитараа санаад эхэлдэг" хэмээн дурссан байдаг. Түүнийг хамтлагийнхаа хамгийн "хөдөлмөрч" нь гэж бусад нь тодорхойлжээ.

15. Хамтлагтаа дуучин шалгаруулж авахын тулд удаан хугацаа өнгөрүүлсэн "Хурд"-ынхан эцэст нь өөрсдийн дүү Д.Төмөрцогийг шалгаж үзтэл хайж байсан дуу хоолой нь мөн байсан гэдэг. 

16. Гитарчин Т.Нарсар "Урлагийн хүн тэтгэвэрт гардаггүй. Mick Jagger ахаас эхлээд 70, 80 хүрсэн өвгөд одоо ч гэсэн “алж” байна, цаана чинь. Урлаг хүний насыг дарж, сэтгэл санааны хувьд дэмжиж байдаг эд юм уу гэж би боддог. Хөгшин гэж ямар насыг хэлдэг юм, би бас мэдэхгүй..." хэмээжээ. 

 

 

17. Дээхнэ үед "Хурд" хамтлагийн дууны үг сонин дээр нийтлэгдвэл тэр сонин хэвлэгдсэн даруйдаа хайчилсан нүхтэй үлддэг байжээ. 

18. Бөмбөрчин Д.Отгонбаатар хамтлагтаа орохын тулд багагүй хүчин чармайлт гаргажээ. Энэ тухай Д.Отгонбаяр:

“Би гитар тоглож байхад чи гитар тоглож яах гээд байгаа юм бэ” гэсэн чинь “Үгүй ээ би гитар тоглоно” гээд болдоггүй. Тэр үед 1992 он байсан. Тэгээд би “Ер нь чи бөмбөр тогло” гэсэн чинь “Үзээд алдъя” гэж байна. Гэрт очиход л амбаарт үхрийн хөлдүү мах нүдээд л суудаг байсан. Тэгсэн “Нисванис” хамтлагийн “Сонсохыг хориглоно” анхны тоглолт Соёлын төв өргөөнд 1996 онд болоход Д.Отгонбаатар бөмбөрийг жинхэнэ “нүдэж” өгч байна аа. Тэгэнгүүт нь миний шунал хөдлөөд хамтлагтаа бөмбөрчнөөр тоглохыг зөвшөөрч, Д.Ганбаяр ахтай хамт бөмбөр тоглохоор болсон" хэмээн хамтлагт орсон түүхээс хуваалцаж байв

 

 

19. "Бидний зүс царай, дуу хоолой хүртэл адилхан"... Энэ бол тэднийг илэрхийлэх хамгийн товч тодорхойлолт.

20. Хэзээд үл хуучрах "Цэргийн бодол" дуу тэртээх 1977 онд зохиогджээ. 

21. "Ахынхаа ачааны машин дээр эсгий дэвсэж байгаад хөгжмөө ачаад Дархан, Эрдэнэт хотыг тойрдог байлаа"... "Хурд"-ын дурсамжаас

 

 

22. Гитарчин Д.Отгонбаяр хамтлагийнхаа нэрний тухай "Тухайн үед хамгийн хурдан унаа галт тэрэг байлаа. Хэмнэлтэй, гоё нэр өгмөөр санагдаад галт тэрэгний хурдыг бодож байгаад “Хурд” гэж нэрлэсэн" гэжээ. 

23. "Эх орон, ээж аавын тухай дууг "Хурд" дуулахгүй юм бол өөр хэн дуулах юм"... Гитарчин Д.Отгонбаярын дурсамжаас

 

 

24. "Ээжийн минь бяцхан охин байхдаа хүсэж, мөрөөдөж, бадамлаж байсан дуучин болно гэдэг хүсэл зүрх сэтгэлээс нь гараад алтан савнаас нь унахдаа "Хурд" болсон. Модоор бол маш олон салаа мөчиртэй том мод болсон. Хойшдоо ч мөн үр хүүхдүүд маань үүний үргэлжлэл болж урлагийнхан олон төрөх байх гэж залбирдаг..." Гитарчин Д.Отгонбаярын ярилцлагаас
 

25. "Хурд" бол цаг үеийн тайтгаруулагч хамтлаг гэж би хэлнэ... Яагаад гэвэл 1990-ээд онд давснаас өөр зүйл байхгүй байх үед "Цэргийн бодол" дуу гарч маш их тайтгарал өгч байсан... Хамтлагийн ахлагч Д.Ганбаярын ярилцлагаас

 

 

26. Алдарт "Цэргийн бодол" дууг энэхүү айлын ууган хүү болох талийгаач Д.Ганболд зохиож байжээ. Хожим дүү нар нь уг дууг сэргээн, хамтлагийнхаа хит дууны нэг болгожээ. 

 

 

27. Хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр гуравдугаар ангиасаа хүүхдийн "Ган зам" хамтлагт бөмбөр, гитар тоглосон. 

28. 10 хүү, 1 охинтой айлын хамгийн эрх хүүхэд нь Д.Отгонбаяр байжээ. 

 

 

29. Харин охид, бүсгүйчүүдийн шүтээн болсон дуучин Д.Төмөрцог гэрийнхээ хамгийн төлөв даруу хийгээд хөгжилтэй хүүхэд байжээ. Д.Отгонбаатарыг ах Д.Ганбаяр нь "Хамгийн хөдөлмөрч нь" хэмээсэн бол Мөнхбатыг "Хамгийн зүтгэлтэй нь" гэж тодорхойлжээ. 

30. "Гэр бүлийн хамтлаг Монголд байтугай дэлхийд ч ховор байдаг юм билээ. "Bon Jovi" хамтлагт ах, дүү хоёр байдаг гэж сураг сонсож байсан. Монголд манайх л байна даа. Дүү нар маань "Чоно" гээд хамтлаг байгуулсан. Д.Ганбаяр ахын маань хүү "Аадар" гээд хамтлаг байгуулсан. Манай ач нар ч мөн урлагаар явж байгаа..." Дуучин Д.Төмөрцогийн ярилцлагаас

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top