Зам тээврийн хөгжлийн яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн танхимаас хамтран зохион байгуулж буй "ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-ЗАМ ТЭЭВРИЙН СЭРГЭЛТ" сэдэвт хөрөнгө оруулалтын чуулга уулзалт өнөөдөр /2023.06.09/ МҮХАҮТ-д болж байна.
Энэ удаагийн хөрөнгө оруулалтын чуулганаар зам, тээврийн салбарт ирэх жилүүдэд хийгдээхэр төлөвлөж байгаа томоохон бүтээн байгуулалтууд, түүнээс өгөх эдийн засгийн үр өгөөж хийгээд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах боломжтой төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж буй юм.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГУРВАН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Улс орны хөгжлийн гол хүчин болсон зам тээврийн салбарт хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэлээр томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж, цаашлаад бүс нутгийн хэмжээнд иргэний агаарын тээвэр, аялал жуулчлал, төмөр зам, авто тээвэр, авто зам гэх мэт салбаруудыг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд чуулганы гол зорилго оршиж байна.
Чуулга уулзалтын үеэр дараах гурван хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, эдийн засгийн өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалтуудыг бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүллээ.
-"Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр зам" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээг “Монголын төмөр зам” ТӨХК, “Эссенз Саплайз” ХХК хооронд үзэглэлээ.
-"3000 вагон худалдан авах гэрээ"-г “Монголиан транс лайн” ХХК, БНХАУ-ын Төмөр замын хөдлөх бүтээгдэхүүн үйлдвэр корпорацийн Чичихар ачааны вагоны үйлдвэр хооронд байгууллаа.
-"Улаанбаатар-Хархорин чиглэлийн хурдны замын ТЭЗҮ боловсруулах санамж бичиг"-т Зам, тээврийн хөгжлийн яам, Чайна Стэйт констракшн групп гарын үсэг зурлаа.
Өнөөдрийн чуулганаар Түншлэл-Ирээдүйтэй хөрөнгө оруулал, Хөгжлийн түүчээ төмөр зам, Хөгжлийн хөтөч-Зам, тээвэр, Дэлхийд гарцтай-Агаарын тээвэр гэсэн дөрвөн хэлэлцүүлгийг хийж байна.
Эхэнд явагдсан “Түншлэл-Ирээдүйтэй хөрөнгө оруулалт” хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын хоёр хөршийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын бизнесийн төлөөллөөс манай улсыг бизнесийн саналын мэдээллүүдээ урьдчилж сайн өгөх хэрэгтэй. Мэдээлэл өгөхдөө илүү нарийн төлөвлөлттэй, нээлттэй байх хэрэгтэй гэдэг саналыг хэлсэн.
С.БЯМБАЦОГТ: БИД ӨМНӨХ АЛДААНААСАА СУРГАМЖ АВСАН. МОНГОЛЫН ТӨР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАА ДЭМЖСЭН БОДЛОГО ЯВУУЛНА
Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Монгол Улсын төр хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндөхгүй, хариуцлагатай байхыг илэрхийлсэн.
Тэрээр “Урьд нь бид Монгол Улс баялагтай юм байна, хүн бүр хөрөнгө оруулахаар уралдаж байна гэсэн хадлагаар ханддаг байсан. Энэ буруу хандлагыг бид засаж байгаа.
2012 онд Монгол Улсын эдийн засаг 17 хувьтай, Монгол Улсыг үндсэндээ хамгийн үсрэнгүй хөгжиж байгаа улс гэж, Монгол Улс руу хүн бүр хөрөнгө оруулахаар хошуурдаг байсан. Харамсалтай нь эдийн засгийн уналт бий болсон. Төрийн бодлогын алдаагаар гадна, дотын хөрөнгө оруулагчдын эрх ашиг хохирсон. Үүнээс болоод эдийн засаг, ард иргэдийн ажил, амьдралд сөрөг зүйлүүд бий болсон.
Тиймээс төрийн бодлого тогтвортой, тодорхой байх ёстой юм байна гэдэг асуудлаар 2019 онд Монгол Улс Үндсэн хуульд өөрчлөлт хийсэн. Өөрөөр хэлбэл “Алсын хараа-2050” гэсэн урт хугацааны бодлоготой байя. Энэ бодлого ямар ч Засгийн газар, ямар ч улс төрийн хүчин гарсан тогтвортой хэрэгжих ёстой юм байна гэдэг бодлогоо бид тодорхойлж чадсан.
Энэ бодлого дээр төр, хувийн хэвшлийн түншлэл, ялангуяа хувийн хөрөнгө оруулалт, аж ахуй, бизнес эрхэлж байгаа хүмүүсийг дэмжиж байж, тэгш боломж дээр өрсөлдөх бололцоог төр засгаас бий болгож байж эдийн засаг сэргэж, бизнесийн үйл ажиллагаа илүү өргөжин тэлдэг юм байна гэдгийг бид, Монголын төр засаг ойлгодог болж байгаа. Энэ хүрээндээ бид Эдийн засгийн хөгжлийн яам байгуулсан.
Бид өмнөх алдаанаасаа сургамж авсан. Цаашдаа Монголын төр засаг хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийг дарамталсан, шахсан төр эрхтэй, хувийн хэвшил дутуу эрхтэй гэдэг хандлагыг өөрчилье. Хөрөнгө оруулагчдаа дэмжсэн бодлого үйл ажиллагаа явуулна гэдгээ Хөрөнгө оруулалтын тухай хууль болон бодлогын баримт бичгүүдээр зарлаж, тунхаглана. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газар, Их хурал илүү хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдыг дэмжиж, хамгаалсан бодлого явуулна. Ингэснээр Монгол Улсад оруулах хөрөнгө оруулагчдын итгэх итгэл сэргэнэ, Монгол Улсын эдийн засаг томорно, ард иргэдийн амьдрал, ахуй сайжирна, Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлж байгаа том төслүүд хэрэгжинэ.
Өнөөдөр гэхэд энэ салбарын өмнө бидэнд шаардлагатай хөрөнгө оруулалт төмөр зам, авто замын салбар, агаарын тээврийн салбар, хийгдэх шаардлагатай авто замт хийх шаардлагатай хөрөнгө оруулалт бол 10 тэрбум ам.доллароор яригдаж байна. Өөрөөр хэлбэл бидэнд одоо бэлэн болсон төслүүд дээр 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна.
Тиймээс бидэнтэй хамтарч ажиллаач ээ, бид бүхэн нээлттэй байя. Харилцан ашигтай хамтарч ажиллаж чадна. Та бүхний итгэлийг алдахгүй гэдгээ зарлах зорилгоор өнөөдрийн хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулж байгаа юм” хэмээв.
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд шинээр 2966 км хатуу хучилттай авто зам, 3358 км төмөр зам барих, шинээр 11 боомтыг хатуу хучилттай авто замаар, 4 боомтыг төмөр замаар холбоно. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын голлох боомтуудад чингэлэгт тээврийн болон шилжүүлэн ачих терминалуудыг барина.
Баруун босоо тэнхлэгийн Арцсуурь-Шивээхүрэн-Сэхэ, зүүн босоо тэнхлэгийн Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслүүдийг эрчимжүүлж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг барьж, Орос-Монголын хилийн Эрээнцав боомтоос Чойбалсан чиглэлийн 238 км төмөр замыг шинэчлэн засварлах, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн зүүн босоо чиглэлийн 426 км төмөр замыг шинээр барих томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Ингэснээр Орос-Хятадыг холбосон зүүн босоо чиглэлийн төмөр замын коридор болж өргөжих юм.
Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 394 км төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтыг ойрын хугацаанд зарлана.
Мөн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёр дахь төмөр замыг барих, түүний нэг чухал хэсэг болох Улаанбаатар хотыг тойрон гарах “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Шинэ Хархорум хотыг бүтээн байгуулах төслийн хүрээнд Улаанбаатар-Хархорум чиглэлийн 384 км хурдны төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.
Дээрх төслүүдийг хэрэгжүүлж, ашиглалтад оруулснаар төмөр замын төв коридорын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, транзит тээвэр, Европ-Хятадыг холбосон төмөр замын коридорыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болж, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг тэлж, Боомтын сэргэлтийг хангах онцгой чухал ач холбогдолтой юм.
Мөн Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын агаарын тээврийн салбарын либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлж олон улсын зорчигч болон ачаа тээврийн зангилаа төвийг бий болгохыг зорьж байна.
Энэ хүрээнд орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг сайжруулж, 4 нисэх буудлыг шинээр зорчигч, ачаа тээврийн харилцааны хилийн олон улсын боомт болгох төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Чуулганаар дээрх төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах боломжуудын талаар хөрөнгө оруулагчид, Олон Улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөлтэй хэлэлцлээ.
Сэтгэгдэл ( 1 )