Томоохон төслүүдийн хамтарсан хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллахаар тохиролцов

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 09

Монгол-Хятад-Оросын ХАҮТ-уудын Худалдаа, эдийн засгийн XVI чуулган өндөрлөлөө. Энэ удаагийн чуулган “Улс хоорондын эдийн засгийн харилцааг дэмжихэд ХАҮТ-уудын оролцоо”, “Монгол, Хятад, Оросын хөрөнгө оруулалтын боломжууд, хамтын ажиллагаа” үндсэн хуралдаан, “Монгол, Хятад, Оросын чөлөөт бүсүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж, гарц, шийдэл”, “Монгол, Хятад, Оросын хөдөө аж ахуйн салбарын худалдааны нөхцөл байдал”, “Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаа, “Барилга, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааны боломжууд” салбар хуралдаануудад ОХУ-ын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Катырин Сергей Николаевич, БНХАУ-ын ОУХДХ-ны орлогч дарга Жан Шао Ган болон бусад ХАҮТ-уудын удирдлагууд, бизнес эрхлэгчдийн нийт 600 гаруй төлөөлөл оролцов. 

Гурван улсын бизнес эрхлэгчдийн зүгээс Монгол Улсын 6 аж ахуйн нэгж, БНХАУ-ын 4 аж ахуйн нэгж, ОХУ-ын 3 аж ахуйн нэгж өөрсдийн төслөө танилцуулж, бизнес уулзалтуудыг зохион байгууллаа. 

Чуулганы хүрээнд МҮХАҮТ, орон нутгийн салбар танхимууд Орос, Хятадын холбогдох Танхимууд хооронд хамтран ажиллах 50 гаруй санамж бичиг, Монгол, Хятадын 3 компани гэрээ байгуулан, хамтран ажиллахаар тогтов.  

Нэгдсэн чуулганд Монгол Улсын төр засгийн байгууллагууд  ач холбогдол өгч ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж нар болон төрийн эрх бүхий байгууллагуудын төлөөллүүд оролцлоо. 

Арбитрын шийдвэрийг харилцан хэрэгжүүлэх талаар гурван улсын арбитрын байгууллагуудын төлөөллийн уулзалт зохион байгуулагдаж, гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Арбитрын байгууллагуудын хоорондын нягт хамтын ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх, Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гадаад арбитрын бүрэлдэхүүнд тус тусын харъяат арбитрчдыг оруулах талаар хөхиүлэн  дэмжих, гурван талт түншлэлийн санамж бичиг байгуулахаар тохирлоо.

Монгол, Хятад, Орос гурван улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаанд тулгамдаж буй асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхийн тулд ХАҮТ-ууд хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, тус тусын төрийн байгууллагуудтай хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой гэдгийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин чуулганыг хааж хэлсэн үгэндээ онцлов. 

Гурван улсын ХАҮТ-уудын Худалдаа, эдийн засгийн XVII чуулга уулзалтыг 2024 онд БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо зохион байгуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top