С.Байгалмаа: ЕСБХБ-ны нийт хөрөнгө оруулалтын 50% орчим нь жендерийн тэгш байдалд зориулагдана

2023 оны 06 сарын 13

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт өнөөдөр /2023.06.13/ Төрийн ордны “Их Монгол” танхимд болж байна.

Яг одоо "Эмэгтэйчүүдийн эрх мэдэл ба манлайлал" сэдэвт хэлэлцүүлэг явж байна.

Энэ сэдвийн хүрээнд панелистаар оролцогч Европын сэргээн босгол хөгжлийн банкны Жижиг бизнесийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэх менежер С.Байгальмаа өнөөдөр эдийн засгийн салбарууд дахь эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл, тэгш байдлын асуудлаар илтгэл тавилаа.


Тэрээр "Манайд банкны стратегийн тэргүүлэх чиглэлийн нэг нь яахын аргагүй жендерийн тэгш байдлын асуудал байдаг.

2025 он гэхэд гишүүн орнуудад хийж байгаа нийт хөрөнгө оруулалтын 50 орчим хувь нь жендерийн тэгш байдалд онцгой анхаарсан төслүүд байх юм. Бүх хүн ижил эрх, ижил боломжоор хангагдах ёстой гэсэн зарчмыг бид ягштал баримталдаг. Банкны хувьд нийгэм, эдийн засгийн бүх л салбарт, тэр дундаа эдийн засгийн салбарт бизнес эрхлэлтэд тэгш боломжоор хангагдана гэдэг туйлын чухал гэж үздэг.

Хэд хэдэн тодорхой санаачилгаар дамжуулан тэгш оролцоог хангахыг бид зорин ажилладаг. Энэ асуудалд тодорхой хувь нэмэр оруулан ажиллахыг зорьдог. Ялангуяа эмэгтэй эзэнтэй бизнесүүдэд санхүүгийн хүртээмжтэй байдлыг бүрдүүлэх тал дээр анхаарч ажилладаг.

Хоёрдугаарт мэдлэг туршлагыг дэмжих, ялангуяа охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулснаар шаардагдах мэдлэг, ойлголтыг олгосноор бизнесийг илүү итгэлтэй эрхлэх санхүү, эдийн засгийн шаардагдах мэдлэг, ойлголтыг олж авах тал дээр дэмжин ажилладаг.

Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох тал дээр анхааран ажилладаг. Хууль, эрх зүйн орчин боловсронгуй болохгүйгээр эдийн засгаа хүчирхэгжүүлж, чадавхжуулах боломжгүй гэж үздэг. Агуулгын хувьд чухал бөгөөд амжилттай хэрэгжих хөтөлбөрүүд дээр ихээхэн анхаарч байна.

Сургуульд суралцах байдал, хөдөлмөрийн зах зээлд оролцож байгаа байдлыг харвал эрэгтэйчүүдтэй харьцуулбал хөдөлмөрлөх насны 2.4 тэрбум эмэгтэй дэлхий нийтийн түвшинд аваад үзвэл эдийн засгийн тэгш байдал хангагдаагүй байна гэж үздэг байна" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top