Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Олон Улсын Валютын сангийн Төсвийн асуудал хариуцсан хэлтсийн ахлах эдийн засагч, төслийн ахлагч Гуохуа тэргүүтэй Улсын хөрөнгө оруулалтын удирдлагын үнэлгээ хийх төслийн ажлын хэсгийг хүлээн авч уулзжээ.
Улсын хөрөнгө оруулалтын удирдлагын үнэлгээг 2016 онд хийж байсан. Уг үнэлгээгээр Монгол Улс бусад хөгжиж буй орнуудаас доогуур оноо авсан бөгөөд ОУВС-гаас (i) төсвөөс гадуурх төслийг улсын төсөвт шилжүүлэх, (ii) шинэ стандарт арга зүй, үнэлгээний шалгуураар төслийн үнэлгээ, сонгон шалгаруулалтыг сайжруулах болон (iii) барих-шилжүүлэх төрлийн концессын гэрээ байгуулахыг хориглох зэрэг зөвлөмж өгсөн.
ЭЗХЯ-аас 2023 оны 2 дугаар сард ОУВС-д хүсэлт тавьсны дагуу Улсын хөрөнгө оруулалтын менежментийн үнэлгээг шинэчлэн хийхээр болсон.
Уулзалтаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд улсын хөрөнгө оруулалтын удирдлагын үнэлгээний ач холбогдлыг онцолж, өмнөх зөвлөмжийн дагуу хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл өгч, яамын үйл ажиллагааны талаар танилцуулсан байна.
ОУВС-гийн ажлын хэсэг ирэх өдрүүдэд Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам болон бусад төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийж, Монгол Улсын улсын төсвийн хөрөнгө оруулалтын орчинд дүн шинжилгээ хийж, зөвлөмж гарган ажиллах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )