Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг ГЭМ БУРУУГҮЙ гэж үзлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 27

Хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилсэн Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны дүгнэлт, шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн өчигдөр танилцууллаа. /2023.06.26/

Шүүхээс шийдвэр гаргахдаа, хэргийн бодит байдлыг яллах болон өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч хүн, хуулийн этгээд тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд бүх талаас нь шинжлэн судалж, нээлттэйгээр хянан хэлэлцсэн гэдгээ тодотгож байна.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны хэрэгт холбогдож, улмаар гэм буруутай эсэхээ тогтоолгуулахаар энэ урт хугацааны шүүх хуралдаанаар шүүгдсэн 80 шүүгдэгчийн 48 нь гэмт хэрэг үйлдсэн ГЭМ БУРУУГҮЙ болохыг шүүхээс тогтоосноо танилцуулаад байна.

Гэм буруугүй нь тогтоогдсон хүмүүсийн нэг бол Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн юм.

Тэрбээр Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанд оролцохдоо илэрхийлж байсан суурийг нь сануулъя.

"Бэрэн групп" ХХК-д олгосон зээлийн талаар гэрчүүдээс мэдүүлэг авах үед тэрбээр "Миний бие 2012-2014 онд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд хараат бус гишүүнээр ажилласан. Тухайн ажиллаж байх хугацаанд гаргасан шийдвэр буруу байна гэсэн асуудалд хариу өгье. Төлөөлөн удирдах зөвлөл нь зээл олгох баримт бичгийг баталдаг. Зээл олгох үйл ажиллагааг зээлийн хороо хариуцдаг. Зээл олгох үйл явцад Төлөөлөн удирдах зөвлөл оролцдоггүй. Хэрэв оролцвол ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж болно. Гэхдээ  энд оролцсон юм шиг тайлбарлаж байгаа нь өрөөсгөл ойлголт байна. Миний хувьд ашиг сонирхлоор дээрх зүйлд хандаж байгаагүй. Банканд ажилладаг мэргэжлийн хүнийхээ хувьд, ганц зүйл хэлэхэд хохирол гээд яриад байна. Арилжааны банк гаргаж байгаа зээлээ хохирол гэж боддоггүй. Зээл гаргаад явж байхад чанаргүйдэж, төлөгдөхгүй байвал хохирлын хэмжээ яригддаг. Хөгжлийн  банкнаас зээл авсан аж ахуйн нэгж нь дампуураад, зээлээ төлж чадахгүй болсон тохиолдолд хохирлын тухай ярьж эхэлнэ. Гэтэл үйл ажиллагаа нь хэвийн,  цаг хугацааны тодорхой нөхцөл шаардлагаас болоод зээлээ төлж чадахгүй явж байгаа үед хохирол гээд дүгнэх нь өрөөсгөл” гэхчлэн байр сууриа илэрхийлсэн.

Тодотгоход, өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны зээл төлүүлэх кампанит ажиллагаа  өрнөсөнтэй зэрэгцэн нийгмийн сүлжээнд “гэм буруутнууд”-ын жагсаалт хөвөрч, хууль хяналтын байгууллага тэдгээр хүмүүсийг шалгаж буйгаа мэдэгдэж байсан билээ. Парламентаас Хөгжлийн банкны асуудлаар Түр хороо байгуулж, олон шатны сонсголуудыг олон нийтэд ил тод явуулсан.

Үүний нөгөө талд Хөгжлийн банкны гэх хэрэгтэй холбоотой кэйсүүдийг бүгдийг улс төржүүлсэн өнцгөөс харж, гэм буруу нь тогтоогдоогүй хүмүүсийг яллах бус асуудалд бодитой хандах, эдийн засгийн агуулгаар авч үзэх шаардлагатай гэх байр суурийг илэрхийлэгсэд ч цөөнгүй байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tohoi.,(178.209.133.214) 2025 оны 03 сарын 13

Hog novoshnuutai alaltsah tsag ue irnee yr udamaar chini tsaatsalhal bolno.Hog novoshnuudiin tonuulchidiin shyyh gej uy baisan uym kkk.Alaltsaj turuu avnaa lalaruudaa.

1  |  0
Top