Дэлхийн ЖДҮ-ийн өдөр | Өнөөдөр ноос, ноолууран бүтээгдэхүүнийг онцолж байна

2023 оны 06 сарын 27

"Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдаа өчигдөр /2023.06.26/ Сүхбаатарын талбай дээр эхэлсэн. Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд ноос, ноолууран бүтээгдэхүүнийг онцолж байна.

Үзэсгэлэнд Сор кашмер, Гоёл кашмер, Хан Богд Кашмер зэрэг компаниуд ноос, ноолууран коллекцоо танилцууллаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас зохин байгуулдаг энэхүү үзэсгэлэнг өнөө жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Дэлхийн экспортыг дэмжих форум”-тай хамтатган зохион байгуулж буй юм.

Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлогч аж ахуйн нэгжүүд, олон улсын төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэг авсан аж ахуйн нэгжүүд болон гадаадын экспортлогч нар үзэсгэлэн худалдааны үеэр бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж байна.

Дотоод, гадаадын нийт 150 гаруй аж ахуйн нэгж оролцох энэхүү үзэсгэлэн худалдааны эхний өдрийг “Арьс ширэн бүтээгдэхүүний”, хоёр дахь өдрийг “Ноос ноолуурын салбарын” хэмээн тодотгосон бол гурав дахь өдөр нь “Хоршоологчдынх” байх юм.

Монгол Улсын Засгийн газраас экспортыг дэмжих, ялангуяа уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэмжээг нэмэх зорилгоор “Экспортлогчдын тэмдэглэлт өдөр”-тэй болох шийдвэрийг 2020 онд гаргасан. Ингэснээр экспортлогчдод жил бүрийн энэ өдрүүдэд бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах, бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэх, борлуулалтаа өсгөх зэрэг олон таатай боломж бий болж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top