Эрчим хүчний чиглэлээр ЗГ хоорондын хамтын ажиллагааны комисс байгуулах хүсэлтээ илэрхийлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 27

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт татах, ашигт малтмалын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгын хүрээнд чухал ашигт малтмалыг онцлон хэлэлцсэн уулзалт өнөөдөр /2023.06.27/ болжээ. Төр, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий уулзалт, Засгийн газар хоорондын уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, БНСУ-ын Гадаад харилцааны 2-р дэд сайд Ли До Хун, АНУ-ын Төрийн департментын төрийн нарийн бичгийн даргын орлогч Хосе В.Фернандес тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцсон байна.

Монгол Улсын хэмжээнд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан талбай нийт нутаг дэвсгэрийн 75%-ийг эзэлдэг. Манай улс өөрсдийн ашигт малтмалын хэтийн төлөвийг судалж, дэлхийн хэмжээнд нийлүүлэлт дутмаг ашигт малтмалыг олборлох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгаа.

 Уулзалтаар дэлхийн чухал ашигт малтмалын нөхцөл байдалд Монгол Улс сэдвийн хүрээнд илтгэл тавигдаж, Монголын талаас эрчим хүчний чиглэлээр Засгийн газар хоорондын байнгын хамтын ажиллагааны салбар комисс байгуулах, “Газрын тос, байгалийн хий”-н хайгуулын чиглэлээр хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын чиглэлээр яриа өрнүүлж, салбарын /хайгуул, олборлолт, нөхөн сэргээлт, үйлдвэрлэл гэх мэт/ мэргэжлийн боловсон хүчнийг богино хугацаанд чадавхжуулах зорилгоор холбогдох мэргэжилтэнг Монгол Улсад ажиллуулах хүсэлтэй талаар дурджээ.

Уулзалтын хүрээнд АНУ-ын Төрийн департмент болон Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хооронд Эрдэс баялгийн салбарын хөгжил, засаглалд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.  Энэхүү санамж бичгийг байгуулснаар чухал ашигт малтмалын нөөцийг хөгжүүлэх чиглэлээр сайн туршлагаас хуваалцах, АНУ-ын зүгээс Монгол Улсад энэ талаар техникийн болоод зохицуулалтын мэргэжлийн туслалцаа үзүүлэх бүтцийг бий болгохоор зорьж байгаа аж.    

Мөн Уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын хамтын ажиллагааны тухай АНУ-ын Хөдөлмөрийн яамны Уурхайн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн алба болон УУХҮЯ-ны салбарын хяналтын газар хамтран ажиллахаар болжээ. Санамж бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийх айлчлалын үеэр зурах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top