Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар "Капитал банк" ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн болон "Чингис Хаан" банканд байгаа Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо. Мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хийв.
Тэрбээр танилцуулгадаа, Капитал банк дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар 11 удаа хэлэлцэж, зургаан тогтоол батлагдаж, эдгээрээр гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлж байна гэв.
Капитал банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн 104,2 тэрбум төгрөгөөс 2023 оны тавдугаар сарын 25-ны байдлаар 10,14 тэрбум нь мөнгө хэлбэрээр 25,06 тэрбум нь хөрөнгөөр, нийт 35,2 тэрбум төгрөгийн авлага барагдуулаад байгаа бөгөөд 69.0 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгааг мэдээллээ.
Эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлөөр хөрөнгөөр хүлээн авсан авлагаас 8,4 тэрбум төгрөгийн 33 ширхэг хөрөнгийг 8,6 тэрбум төгрөгөөр борлуулж, 16,6 тэрбум төгрөгийн 45 ширхэг хөрөнгийн үлдэгдэлтэй байгаа ажээ. Үл хөдлөх хөрөнгийн заримд үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байсан 34 аж ахуйн нэгж, иргэнтэй түрээсийн гэрээг шинэчлэн байгуулж, 256,6 сая төгрөгийн орлогыг Нийгмийн даатгалын санд төвлөрүүлснээс, хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын зардалд 44,2 сая төгрөг зарцуулсан байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Капитал банкны эрх хүлээн авагчаас хүлээн авсан хөрөнгүүдийг үл хөдлөх хөрөнгө зуучлагч байгууллагуудтай хамтран ажиллаж гэрээгээр борлуулах, банкны удирдлага болон хөрөнгийн маргааны улмаас хууль хяналтын ба байгууллагад шалгагдаж байгаа асуудлууд шийдвэрлэгдэхэд Нийгмийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт тухайн хөрөнгүүдийг тооцож авах зэрэг саналтай байгаагаа танилцуулсан юм.
Чингис хаан банк 2019 оны 10 дугаар сараас нийгмийн даатгалын төлбөр тооцоог гүйцэтгэж чадахгүй болсон тул Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны есдүгээр сард Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тус шүүх 2020 оны 10 дугаар сард нэхэмжлэлийг бүрэн хангаж, Чингис хаан банкнаас 101.7 тэрбум төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдүүлсэн талаар сайд мэдээлэлдээ дурдаад, энэхүү нэхэмжилсэн дүнгээс 2023 оны тавдугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийтдээ 6.57 тэрбум төгрөг төлөгдөж, 95.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна гэлээ.
"Чингис Хаан Банк" ХХК-ийн хувьцаа эзэмшигч "Нью Стандарт Финанс" ХХК нь энэ оны дөрөвдүгээр сард “Баянмөнх техник дэвшил” хөрөнгө оруулалтын ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг банкны энгийн хувьцааг шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу зөвшөөрөл авахаар Монголбанканд хандаад байгаа аж.
“Баянмөнх техник дэвшил” хөрөнгө оруулалтын ХХК худалдан авалтынхаа үндсэн төлбөр болох 64,3 тэрбум төгрөгийг энэ оны долдугаар сараас 2025 оны зургадугаар сар хүртэл, хүүгийн төлбөр 30,9 тэрбум төгрөгийг үндсэн төлбөрт төлөгдөж дууссаны дараа буюу 2025 оны зургадугаар сараас 24 сарын хугацаанд, нийтдээ 48 сарын хугацаанд төлөх санал гаргасан байна.
Чингис Хаан банкнаас нэхэмжилсэн төлбөрийн үлдэгдэл 95,2 тэрбум төгрөг, Капитал банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн төлбөрийн үлдэгдэл 69 тэрбум төгрөг, нийтдээ 164,2 тэрбум төгрөг барагдуулалт удаашралтай, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газар бие даан шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгааг сайд Х.Булгантуяа танилцуулж, эдгээр төлбөрүүдийг төлөх хуваарь баталсан гэрээ байгуулж ажиллах саналтай байгаагаа дурдав. Мөн цаашид Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр шийдвэрлүүлж, хэрэгжүүлэх байдлаар энэ ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа танилцуулав.
Сэтгэгдэл ( 4 )
Гол хэргийн эзэн Эрдэнэ , Ундармаа тэргүүнтэй хулгайчид. Ундармаа 40 сая төгрөгөөр торгуулаад Эрдэнэ намын нэрэн дээр их хуралд сонгогдохоод тохироо хийгээд байна. Энэ шудрага ёс уу. Монголчуудыг хулгайч нар доромжилж ханаагүй гэжүү.
УИХ-ЫН ГИШҮҮН НЬ НДС-ИЙН ЭНЭ ИХ МӨНГӨ ИДЧИХЭЭД ЗҮГЭЭР Л БАЙДАГ ЮМ БАЙНа
яагаад бусад арилжааны банкнад хувааж байрлуулж болдоггүй юм вэ тэгээд өөрсдөө хяналт тавина биз дээ
ta nar ugaasa ajil aa hiij chadadgui biz dee ajil gej yadarsan ardtumen dee aarhu deerelhuu daranguulagch darga nariin asuudal bolhoor ajil n yavagdadgui heden jileer yarij thag nuhthuuj martagduuldag huvhai zan uiltei Mongol uls ajil yavagdad oron yum u ⁉︎ dulaan Orhoor ali garigruu yavsan bugd deer doorgui alga boldog orond sunthun oron