Чингис Хаан банкны хөрөнгө оруулагч Хятад компани НДС-гийн ₮95.2 тэрбумын өрийг 2027 оноос нааш ТӨЛЖ ДУУСАХГҮЙ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 30

Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан болон төрийн өмчит компаниудад 130 тэрбум төгрөгийн өртэй "Чингис хаан" банканд өнгөрсөн дөрөвдүгээр сард Өвөрмонголын компани хөрөнгө оруулах санал тавьсан талаар мэдээлж байсан билээ. Монголбанкны зүгээс тус банканд шинээр хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчид дээрх өрийг тэргүүн ээлжинд төлөх шаардлага тавьж буй гэдгээ илэрхийлсэн байсан.

Тэгвэл энэ долоо хоногт УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн болон Чингис Хаан банканд байгаа Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонсох үеэр энэ асуудал яригдлаа.

ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн өгсөн мэдээллээс хүргэхэд, Чингис хаан банк 2019 оны 10 дугаар сараас нийгмийн даатгалын төлбөр тооцоог гүйцэтгэж чадахгүй болсон тул Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны есдүгээр сард Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Тус шүүх 2020 оны 10 дугаар сард нэхэмжлэлийг бүрэн хангаж, Чингис хаан банкнаас 101.7 тэрбум төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү нэхэмжилсэн дүнгээс 2023 оны тавдугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийтдээ 6.57 тэрбум төгрөг төлөгдөж, 95.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа аж.

Чингис Хаан Банк ХХК-ийн хувьцаа эзэмшигч Нью Стандарт Финанс ХХК нь энэ оны дөрөвдүгээр сард “Баянмөнх техник дэвшил” хөрөнгө оруулалтын ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг банкны энгийн хувьцааг шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу зөвшөөрөл авахаар Монголбанканд хандаад байгаа аж.

“Баянмөнх техник дэвшил” хөрөнгө оруулалтын ХХК худалдан авалтынхаа үндсэн төлбөр болох 64,3 тэрбум төгрөгийг энэ оны долдугаар сараас 2025 оны зургадугаар сар хүртэл, хүүгийн төлбөр 30,9 тэрбум төгрөгийг үндсэн төлбөрт төлөгдөж дууссаны дараа буюу 2025 оны зургадугаар сараас 24 сарын хугацаанд, нийтдээ 48 сарын хугацаанд төлөх санал гаргасан байна.

Х.Булгантуяа сайд мэдээлэлдээ, Чингис Хаан банкнаас нэхэмжилсэн төлбөрийн үлдэгдэл 95,2 тэрбум төгрөг, Капитал банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн төлбөрийн үлдэгдэл 69 тэрбум төгрөг,  нийтдээ 164,2 тэрбум төгрөг барагдуулалт удаашралтай, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газар бие даан шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа гэсэн юм.

Түүнчлэн эдгээр төлбөрүүдийг төлөх хуваарь баталсан гэрээ байгуулж ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Улмаар Чингис Хаан банкнаас Нийгмийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрийг тус банкны хувьцаа эзэмшигч нартай гэрээ байгуулж, хуваарийн дагуу үе шаттайгаар, бүрэн төлүүлэхийг дэмжихийг Байнгын хорооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргад үүрэг болголоо.

Тэгэхээр шүүхийн шийдвэрийн хүрээнд Чингис Хаан банкнаас нэхэмжилсэн Нийгмийн даатгалын сангийн төлбөрийн үлдэгдэл 95,2 тэрбум төгрөгийг “Баянмөнх техник дэвшил” компанийн худалдан авалтын төлбөрөөр барагдуулж дуусна гэвэл 2027 оноос наашгүй болж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.21.107.38) 2023 оны 06 сарын 30

hytaduudad avaachaad ogchdiin bizdee

0  |  0
Top