УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 57 саналын томьёоллоор санал хураалт явуулах байсан ч хойшлууллаа.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс гадна УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Баттөмөр, Б.Саранчимэг, Л.Мөнхбаатар нарын боловсруулсан төсөлтэй хамтатган хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал дэмжиж үг хэллээ.
Тэрбээр, Азийн хөгжлийн банкны зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж, тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Н.Номтойбаярын үед өргөн барьсан. Дараа нь тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн байгуулж, Л.Мөнхбаатар нарын гишүүдтэй хамтран хуулийн төсөл боловсруулсан. Өнөөдөр энэ хоёр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэж байна.
Сайн дураараа хувийн нэмэлт тэтгэврийн санд тодорхой хуримтлал үүсгэх боломжийг иргэддээ нээж өгч байгаа юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хувийн нэмэлт олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ гэж заасан. Хувийн тэтгэврийн санг зохицуулсан зохицуулалт байхгүй учраас өнөөдөр арилжааны банкууд төрийн бус байгууллагын журмаар тэтгэврийн сан байгуулж, эхнээсээ тэтгэврээ олгоод эхэлсэн байна.
Хэрвээ тэтгэврийн сан эрсдэлд орвол хариуцлага хүлээх зохицуулалт байхгүй учраас энэ хуулиар иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж буй дэвшил гэж ойлгож болно. Тиймээс хуульчлан хамгаалж, хувийн тэтгэврийн санг байгуулаад түүнийг нь хөрөнгө оруулалт менежмэнтийн компаниар хөрөнгийн зах зээлийг дэмжих бодит боломж бүрдэнэ. Энэ хуулийг даруй хэлэлцэж гаргах хэрэгтэй гэв. Мөн тэрбээр анхны боловсруулсан төсөлд туссан зарим заалтыг хассанд шүүмжлэлтэй хандсан.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, тэтгэврийн реформ хийхийг дэмжиж ирсэн. Өргөн барьсан төсөл, санал хураалтын томьёоллыг тулгахад зөрүүтэй байна. Тухайлбал, Зөвшөөрлийн хуулиас давсан нэмэлт шаардлага тавихаар заалтууд орсон нь авлига, хээл хахуулиас ангижрах бодлогын эсрэг явж байна. Энэ бол хуулиас давсан хэм хэмжээг тогтоож болохгүй гэв.
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Н.Учрал нарын гишүүдийн саналыг үндэслэн Байнгын хороонд холбогдох заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өглөө. Ингээд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн санал хураалтыг хойшлуулахаар боллоо.
Сэтгэгдэл ( 0 )