УИХ-ын чуулганы хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 22 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. Тэрбээр, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг нийт орон даяар 18 аймгийг хамруулан 2023 оны 04 дүгээр сарын 10-18-ны өдрүүдэд 5 бүс болгон зохион байгуулж, 960 гаруй малчид, мал бүхий иргэд, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч, орон нутгийн газар, бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, аймаг, сум, багийн Засаг дарга нарын саналыг авлаа. Нийтдээ 20 гаруй чиглэлийн санал, хүсэлт ирүүлснийг тухай бүр задлан шинжилж хуулийн төсөл болон дагалдах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлд тусгалаа. Хэлэлцүүлгийн үед явуулсан санал асуулгын дүнгээс харахад нийт оролцогчдын 97.7 хувь нь бэлчээр доройтож байгаатай санал нийлсэн байна. Хууль, эрх зүйн орчныг өөрчлөх шаардлага байна уу гэсэн асуултад оролцогчдын 90.6 хувь нь заавал өөрчлөх хэрэгтэй гэж хариулсан байна. Бэлчээрийг хэрхэн ашиглах нь зөв бэ гэсэн асуултад 46 хувь нь гэрээгээр 27 хувь нь малын тоо толгойн албан татвараар гэж хариулсан байна. Дээрх судалгааны дүнгээс харахад эдийн засгийн нэгэн тулгуур салбар болох мал аж ахуйг үндэсний хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэхэд ул суурь нь болох бэлчээрийн газрыг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх асуудлыг төрийн бодлого, нийгмийн болон байгалийн эрх ашигтай уялдуулан зохицуулах зорилгоор Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолд заасан Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалын дагуу боловсрууллаа гэв.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тус хуулийн төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр санал нэгджээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир, С.Ганбаатар, С.Туваан нарын гишүүд хууль батлагдсанаар ямар үр дүн гарах, бэлчээрийн ашиглалт хэр сайжрах талаар асуулт асууж, хариулт авлаа.
Хуулийг яаравчлан батлахгүйгээр нарийвчлан хэлэлцэх, бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах, отрын бүс нутгийг зохицуулахад эрх зүйн шийдлийг гаргах, бэлчээр ашиглалтын журам загварыг оновчтой тусгах, бэлчээр бол зөвхөн хөдөөний малчдын асуудал биш гэдгийг анхаарах нь зүйтэй гэсэн санал хэлж, тус хуулийн төслийг хэлэлцэн батлахыг гишүүд дэмжиж үг хэлсэн.
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг үзэл баримтлалын хувьд дэмжсэнд тооцож, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )