Өндөр төсөвтэй төслүүд эхлүүлсэн нь 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах боломжгүй болгожээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 03

Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хорооны  тайланд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн зарим үзүүлэлтийн талаар дурдсан байна.

2010-2023 оны эхний улирлыг дуусталх 13 жилийн хугацаанд нийт 95.3 сая тонн нүүрс олборлон борлуулсны 95 орчим хувь нь 3-4 дүгээр давхраасын түүхий хатуу коксжих нүүрс бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нийт ордын хувьд ийнхүү хамгийн чанар сайтай хэсгээс олборлолт, борлуулалт хийж байгаа аж. Хяналт, шалгалтын ажлын хүрээнд хамрах 2019 оны 4 дүгээр улирлаас 2023 оны эхний дөрвөн сарын хугацаанд нийт 41.8 сая тонн хэмжээтэй, 3.2 тэрбум ам.долларын нүүрсний борлуулалт хийсэн байна.

2020-2023 оны эхний улирлын байдлаар "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн нүүрсний борлуулалтын дийлэнхийг 50-100 сая ам.долларын урьдчилгаа төлбөртэй 4 худалдан авагчийн болон "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам"-ын төслийн санхүүжилтэд зориулж "Бодь Интернэшнл" ХХК-д нийлүүлсэн нүүрс эзэлж байна.

 Нүүрсний үнийн өсөлт, өндөр урьдчилгаатай гэрээнүүдийн үр дүнд компанийн борлуулалт 2019 болон 2022 онд нэг тэрбум доллараас давжээ. 2021 онд тус компани "А6-20" дунд хугацааны 2021-2025 оны бизнес төлөвлөгөө боловсруулж, нийт 8.3 тэрбум долларын санхүүжилттэй 17 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс хяналт, шалгалтын ажил үргэлжилж буй энэ хугацааны байдлаар нийт 5.3 тэрбум долларын санхүүжилттэй 13 төсөл хэрэгжилтийн ямар нэг шатанд байгаа талаар тус компаниас мэдээлэл ирүүлээд байгаа аж. Төслүүдийн санхүүжилтэд төлөвлөсөн 5.3 тэрбум долларын санхүүжилтээс 1.4 тэрбум долларын санхүүжилт хийгдсэн байна.

Ийнхүү өндөр төсөвтэй, үр дүн нь бизнесийн ирээдүйн үр ашгийг дээшлүүлэхэд нөлөөлөх эсэх нь эргэлзээтэй олон тооны төслийг эхлүүлсэн нь "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн мөнгөн урсгалын төлөвт сөргөөр нөлөөлж, компани ашигтай ажилласан хэдий ч 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг хуваарилах боломжгүй, бэлэн мөнгөний хомсдолд орсон хэмээн дүгнэжээ. Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын худалдан авалтын үнийн дүн зах зээлийн үнээс хэт өндөр, ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагын хамаарал бүхий хүмүүс сонгон шалгаруулалтад ихээр нөлөөлж байсан нь тогтоогдсныг тайланд дурджээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2018-2022 оны хооронд дотоод худалдан авалтын 9,8 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 665 тендер зарлан хэрэгжүүлжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.206) 2023 оны 07 сарын 04

сонгуулийн өмнө ноогдол ашиг өгч бүр дампууруулах бхаа

0  |  0
Занга(103.26.195.83) 2023 оны 07 сарын 04

Хулгайч нарын тоочдог шалтагтай адилхан юм. Тэр их тендэр, ашиггүй, тооцоогүй төслүүдийг шалгаж хулгайчдыг илчлэх ажлыг тасралтгүй хий.

1  |  0
Shar tohoi.(178.209.133.214) 2023 оны 07 сарын 03

MANiin turd baigaa byh tonuulchid tul chutguruudel yrsen.Hii nemegdel zardal mash ih uym billee.

0  |  0
Top