Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хоёр сар шахмын хугацаанд үргэлжилж, 80 шүүгдэгчийн 48 нь гэмт хэрэг үйлдсэн ГЭМ БУРУУГҮЙ гэж шүүх үзсэн билээ. Улмаар шүүх хуралдаан энэ долоо хоногоос эхлэн эрүүгийн хариуцлагаар үргэлжилж байна.
Хөгжлийн банкны зээлүүдийг шийдвэрлэхтэй холбоотой шүүхийн процесс ийн өрнөж буйтай зэрэгцэн тус банкны төлж барагдуулах ёстой өр төлбөрийн хугацаа ч дөхсөөр байна. Тухайлбал, аравдугаар сард төлөх ёстой Евро бондын 500 сая ам.долларын төлбөрийн 394 сая ам.доллартой тэнцэх хэмжээний эх үүсвэрийг Хөгжлийн банк бүрдүүлэх шаардлагатай. Тэгэхээр үлдсэн гурван сард энэ хэмжээний мөнгө зээлийн төлөлтөөр бүрдэх эсэх нь эргэлзээтэй юм.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод буй Ж.Батаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Эрэл”, “Бэрэн”, “Хөтөл” гэсэн гурван компанийн төлөх 772 тэрбум төгрөг бондын төлбөрийн дутаж буй дүнтэй дүйнэ, 5-7 дугаар сарын дотор их хэмжээний муу зээлээ төлүүлж чадвал гадаад өрөө төлөхөд хялбар болно. Эсвэл гадаад зах зээлээс дахин зээл авч, дахин санхүүжилт хийхээс өөр аргагүй болно. Гол нь чанаргүй зээлийн асуудлыг маш яаралтай шийдэх хэрэгтэй. Хүлээгдэж байгаа өр төлбөр бол оны эцсээр төлөгдөх гадаад өрийн асуудлыг шийдэх хамгийн том дэмжлэг байх юм” гэсэн байгаа юм.
Тэгэхээр дээр дурдсан гурван компанийн тухайд ирэх аравдугаар сараас өмнө зээлээ төлж барагдуулна гэдэг нь эргэлзээтэй нь өдгөө өрнөж буй үйл явцуудаас харагдаж байгаа. Товчхондоо бол, Евро бондын төлбөрт төлөх ёстой 400 орчим сая ам.долларыг валютын нөөцөөс төлөх үү, Хөгжлийн банк гадаад зах зээлээс дахин зээл авч барагдуулах уу гэдэг хоёр хувилбар хүлээж байна.
Сэтгэгдэл ( 0 )