Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хийлээ.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийн танилцуулсан танилцуулгатай холбогдуулан Х.Ганхуяг гишүүн төмөр замын транзит тээвэр, төмөр зам олон улсын стандартад нийцсэн техник, үйл ажиллагаатай болох зорилт бий эсэх талаар тодруулж ажлын хэсгээс хариулт авлаа.
ОХУ-аас Монгол Улсаар дамжин БНХАУ руу тээвэрлэдэг ачааны хэмжээ их, харин БНХАУ-аас Монгол Улсаар дамжин ОХУ руу тээвэрлэдэг ачааны хэмжээ бага, 2017-2018 онд их зөрүүтэй байсан. Тухайн үедээ энэ зөрүүг арилгах үүднээс БНХАУ-аас Монгол Улсаар дамжин ОХУ руу тээвэрлэдэг ачаан дээр 15 хувийн хөнгөлөлт илүү үзүүлсэн байсан. Тухайн үед үүсээд байсан ачаа эргэлтийн зөрүү арилсан учраас БНХАУ-аас Монгол Улсаар дамжин ОХУ руу тээвэрлэдэг ачааны маршрутын дээрх хөнгөлөлтийг хүчингүй болгосон байна. Цаашдаа транзит тээврийн хөнгөлөлттэй тарифыг үе шаттайгаар бууруулах асуудлыг хөндөж, холбогдох талуудад саналаа хүргүүлээд байгаа гэв. Төмөр замыг цахилгаанжуулах ТЭЗҮ-г 2005 онд боловсруулсан бөгөөд 2.8-3 тэрбум ам.доллар шаардлагатай гэдэг төсөв гарсан гэв. Тухайн үедээ хоёр талын Засгийн газрын түвшинд ярилцаж, шийдвэрлэх боломжтой гэж ярилцсан бөгөөд цахилгаан, эрчим хүчний шинэ эх үүсвэр шаардлагатай болсон гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв.
Сэтгэгдэл ( 0 )