Банкуудын эдийн засагчид, их дээд сургуулиудын багш нар болон судалгааны байгууллагууд, хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын нийт 26 судлаачийн дунд явуулсан макро эдийн засгийн төсөөллийн судалгааны дүнг танилцуулъя. Уг судалгааг Монголбанкнаас энэ оны тавдугаар сарын 19-30-ны өдрүүдийн хооронд явуулжээ.
ИНФЛЯЦ
2023 оны I улиралд Улаанбаатар хотын жилийн инфляц 10.9% болж буурсан. Энэ нь өмнөх улирлын шинжээчдийн дундаж таамаглалаас 1.6 нэгж хувиар доогуур гарсан байна. Шинжээчид 2023 оны II улиралд инфляц 11.4%, жилийн дараа бага зэрэг буурч 10.5% болно гэж таамаглаж байна.
Шинжээчдийн инфляцын таамаглалын тархалтыг авч үзвэл 2023 оны II улиралд инфляц 10-аас 10.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 29.1%-тай байна. Өмнөх улирлын судалгаагаар 2023 оны II улиралд инфляц 12-оос 12.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 28.8% гэж таамаглаж байжээ.
Энэ удаагийн инфляцын таамаглалын нэг үеийн үр дүнг өмнөх түүвэр судалгаануудын таамаглалуудтай харьцуулахад буурах хандлага ажиглагдаж байна. Сүүлийн саруудад инфляц тогтворжин, буурч байгаатай холбоотойгоор шинжээчдийн инфляцын таамаглал буурсан байх талтай. Тухайлбал, шинжээчид 2023 оны II улирлын инфляцыг өмнөх улирлын судалгаагаар 12.3% гэж таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар 11.4% гэж таамаглажээ.
ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ
2023 оны I улиралд бодит ДНБ-ий жилийн өсөлт 7.9%-д хүрсэн. Энэ нь өмнөх улирлын шинжээчдийн дундаж таамаглалаас 4.0 нэгж хувиар өндөр гаржээ. Ирэх улирлын эдийн засгийн өсөлтийн шинжээчдийн дундаж таамаглал 5.5%, жилийн дараа 5.4%-тай байна.
Бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалын тархалтыг авч үзвэл 2023 оны II улиралд 5-5.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 23.9% байна. Харин өмнөх улирлын судалгаагаар өсөлт 4-4.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 26.3% байна гэж таамаглаж байжээ.
Бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалыг өмнөх түүвэр судалгаануудын таамаглалуудтай харьцуулан авч үзвэл өсөх хандлага харагдаж байна. 2022 оны дунд үеэс эдийн засгийн байдал сэргэж эхэлснээс үүдэн шинжээчдийн эдийн засгийн өсөлтийн таамаглал улирал бүр нэмэгдэж иржээ. Жишээлбэл, шинжээчид 2023 оны II улирлын бодит ДНБ-ий өсөлтийг өмнөх улирлын судалгаагаар 4.1%-д хүрнэ гэж таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар 5.5% гарна гэж таамаглажээ.
БОДЛОГЫН ХҮҮ
Шинжээчид төв банкны бодлогын хүүг 2023 оны II улиралд дунджаар 12.9%, хамгийн ихдээ 14.0%, хамгийн багадаа 12.0% байна гэсэн хүлээлттэй байна. Цаашид бодлогын хүү бага зэрэг буурч 2024 оны I улиралд 11.9% байна гэж таамаглажээ. Бодлогын хүүний таамаглалыг тархалтаар нь авч үзвэл шинжээчдийн дийлэнх нь 2023 оны II улиралд бодлогын хүү 13.0% байна гэсэн таамаглалтай байна.
Бодлогын хүүний таамаглалыг өмнөх улирлын судалгааны таамаглалуудтай харьцуулахад буурах хандлагатай байна. 2022 оны эхэн үеэс үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор бодлогын хүүг нэмэгдүүлж эхэлсэнтэй холбоотойгоор шинжээчдийн таамаглал улирал бүр нэмэгдэж ирсэн бол энэ улирлаас буурах хандлага ажиглагдлаа. Өмнөх улирлын судалгаагаар шинжээчид 2023 оны II улирлын бодлогын хүүг 13.0% байна таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар 12.9% байна гэж таамаглажээ. Энэ нь 2022 оны III улирлын түүвэр судалгааны таамаглалаас 2.2 нэгж хувиар өндөр байгаа боловч цаашид аажмаар буурахаар таамаглажээ.
ЗЭЭЛИЙН ХҮҮ
Шинжээчид төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүг 2023 оны II улиралд дунджаар 16.5%, хамгийн ихдээ 18.0%, хамгийн багадаа 14.8%-тай байна гэжээ. Цаашид зээлийн хүү бага зэрэг буурч 2024 оны I улиралд 16.1% орчим байхаар таамагласан байна.
Зээлийн хүүний таамаглалын тархалтаас харвал 2023 оны II улиралд зээлийн жигнэсэн дундаж хүүг 15.9%-16.8% байна гэсэн таамаглал давамгайлж байна.
Зээлийн хүүний таамаглалыг өмнөх түүвэр судалгаануудын үр дүнтэй харьцуулан авч үзвэл бага зэрэг өсөх хандлага харагдаж байна. Бодлогын хүү нэмэгдэж байгаатай холбоотойгоор шинжээчдийн зээлийн хүүний таамаглал улирал бүр нэмэгдэж иржээ.
Тухайлбал, өмнөх улирлын судалгаагаар шинжээчид 2023 оны II улиралд зээлийн хүүг 16.3%-д хүрнэ гэж таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар 16.5% гарна гэж үзжээ.
ВАЛЮТЫН ХАНШ
Шинжээчид 2023 оны II улиралд төгрөгийн ам.доллартай харьцах ханш бага зэрэг чангарч дунджаар 3,469.8 төгрөг, хамгийн ихдээ 3,591.8 төгрөг, хамгийн багадаа 3,388.8 төгрөг байна гэж үзжээ. Цаашид төгрөгийн ханш суларч 2024 оны I улиралд 3,572.8 төгрөгт хүрнэ гэж таамаглажээ.
Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн таамаглалыг тархалтаар нь авч үзвэл шинжээчдийн дийлэнх нь ханш 2023 оны II улиралд 3,440.1-3,490.0 төгрөг байна гэж хариулжээ.
Шинжээчид 2023 оны II улирлын төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг өмнөх хоёр улирлын түүвэр судалгааны үр дүнтэй харьцуулахад бага зэрэг чангарахаар таамагласан байна.
Сэтгэгдэл ( 0 )