Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.07.06) хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” гэж заасан байдгийг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.
Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн өмчийн оролцоотой компаниудад гарч буй “нүүрсний хулгай”-н асуудал нь нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудал тул Үндсэн хууль болон холбогдох хуулийг үндэслэн Улсын Их Хурлын 19 гишүүн хянан шалгах түр хороо байгуулах санал гаргажээ.
Төрийн бол олон орон нутгийн өмчит, төрийн өмчийн оролцоотой компаниуд, ялангуяа төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн өмчийн оролцоотой “Таван толгой” ХК-д гарсан “нүүрсний хулгай” гэх асуудлаар иргэд олон нийтийн дунд үүсээд байгаа эргэлзээтэй, Монгол Улсад хохирол учруулсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй мэдээллүүдийг тодорхой болгох, хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж байгаа нүүрсний хулгайтай холбоотой хэргүүдийн мөрдөн байцаах ажиллагааг хугацаа алдалгүй шуурхай явуулахад Улсын Их Хурлын зүгээс дэмжлэг үзүүлэх нь нэн чухал гэж үзсэн байна.
Улсын Их Хурлаас төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинэчлэн судлах, нээлттэй сонсгол зохион байгуулах, ард иргэд олон нийтийг мэдээллээр хангах арга хэмжээг авах шаардлагатай байгаа хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Улсын Их Хурлын даргын 2023 оны 107 дугаар захирамжаар “нүүрсний хулгай”-н асуудлыг Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, авлигатай тэмцэх, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл хяналтын асуудлаар Улсын Их Хурлын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү ажлын хэсгээс “нүүрсний хулгай”-тай холбоотой асуудлаар дагнасан хяналт шалгалт явуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог байгуулан ажиллуулж, цуглуулсан нотлох баримтыг шинжлэн судлах, нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулах, тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий түр хороо байгуулах санал, дүгнэлтийг гаргасан. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн төрийн болон орон нутгийн өмчит төрийн өмчийн оролцоотой компаниудын нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар дагнасан хяналт шалгалт эрчимтэй явуулах, цуглуулсан нотлох баримтыг шинжлэн судлах, нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулж, иргэдийг мэдээллээр хангаж, тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг боловсруулсан байна.
Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Ж.Батжаргал, Б.Жаргалмаа, Х.Нямбаатар, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, Ж.Сүхбаатар, О.Цогтгэрэл нар ажиллахаар төсөлд тусгасныг Байнгын хорооны дарга танилцуулсан юм. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 63.6 хувь нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл ( 0 )