Нүүрсний  асуудлаар  шалгалт явуулах, сонсгол зохион байгуулах 11 гишүүнтэй  Түр хороо байгуулагдлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 07

“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааг хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг чуулганы хуралдаанаар хийн,  баталлаа. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн тогтоолын төслийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Ж.Батжаргал гишүүнийг хасаж Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг оруулах, мөн олонхыг төлөөлөх бүрэлдэхүүн 7 гишүүнтэй байх учир Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгийг нэмэх горимын санал гаргасныг  хуралдаанд оролцсон гишүүдийн 56.1 хувь нь дэмжлээ. 

Ингээд “Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг баталъя” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 нь хувь нь дэмжив.

Тогтоолын төсөлд Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороог Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Ганболд, Б.Жаргалмаа, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, М.Оюунчимэг, С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, О.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр, 6 сарын хугацаатайгаар байгуулахаар тусгажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.90.70) 2023 оны 07 сарын 09

Энхбаярт л найдья даа.\n

0  |  0
Top