Ерөнхий сайд  Deutsche Bank, JPMorgan, Goldman Sachs зэрэг 48 байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 10

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа “Welcome to Mongolia” уриан дор болж буй “Монголын эдийн засгийн чуулган-2023” хүрээнд Сангийн яам, Монголбанк, арилжааны банкнуудын удирдлага болон гадаадын Хөрөнгө оруулалтын банкнууд, хөрөнгө оруулалтын сангуудын төлөөлөлтэй хийлээ.

Уулзалтад Deutsche Bank, UBS, JPMorgan Cazenove, Goldman Sachs,  Sumitomo Mitsui, Barclays, Bank of China, Morgan Stanley, US EXIM, Citi, BNP Paribas Exane, HSBC Australia Bank зэрэг Олон улсын нөлөө бүхий 48 байгууллагын төлөөлөл оролцлоо.

​​​​​​Тодотгоход, “Монголын эдийн засгийн чуулган – 2023”-ыг “Монголд тавтай морил” уриан дор 2023 оны 7 дугаар сарын 9-10-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Энэхүү чуулган нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих асуудал, шийдлийн талаар хэлэлцэх үндэсний чуулга уулзалт гэж Засгийн газар үзэж буй.

Манай Улсын эдийн засгийг тэлэх, төрөлжүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг Монгол Улсын Засгийн газраас дэмжиж, харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг энэ удаагийн “Монголын эдийн засгийн чуулган 2023”-аар дамжуулан олон улсын хөрөнгө оруулагч нарт хүргэнэ.

Үүний зэрэгцээ Монгол Улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, газрын ховор элементүүд, зэс, ураны боловсруулалтаар бүс нутагтаа тэргүүлэх,  Олон улсын банк санхүүгийн төв болох, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж улмаар органик хүнс экспортлох, сэргээгдэх эрчим хүч, шинэ эх үүсвэрийг ашиглаж Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтрах “Шинэ ирээдүй-Шинэ боломж”-ийн тухай хэлэлцэнэ.

Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдийн эрх ашгийг хамгаалахад онцгой анхааран ажиллаж байна.

Тухайлбал “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийг шинэчлэн найруулж байгаа бөгөөд Хууль тогтоомжийн хориглолт, хязгаарлалтыг арилгах, Газрын харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх, Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх тогтолцоог нэвтрүүлэх зэрэг өөрчлөлтүүдийг танилцуулна.
Мөн экспорт, импортын үйл ажиллагааг цахимжуулах, түргэн шуурхай, зардал багатай явуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, уул уурхайн болон уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.
 
Чуулганд дэлхийд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын корпораци, Уул уурхайн хөрөнгө оруулагч хүндэт зочид, хувийн хэвшлийн төлөөлөл, төрийн байгууллагын төлөөлөл оролцож буй юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ааааа(202.21.107.55) 2023 оны 07 сарын 10

Масоны төлөөлөгчидтэй уулзсын биз дээ,тэд Таны амьдралыг богино хугацаанд диваажинд аваачиж өгөе Монголыг бидэнд өгчих гж байна уу

0  |  1
Top