Хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ₮30 их наяд хүргэх зорилтоо хөрөнгө оруулагчдад танилцуулав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 10

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Монголбанк, арилжааны банкуудын удирдлага болон гадаадын хөрөнгө оруулалтын банкууд, хөрөнгө оруулалтын сангуудын төлөөлөлтэй хийсэн. 

Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Монгол Улсын  санхүүгийн салбарын нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгөхийн зэрэгцээ Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбар тэр дундаа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд хийсэн онцлох ажлаасаа танилцуулсан юм.

 Тэрбээр “Гадаадын хөрөнгө оруулагчдад чиглэсэн эрх зүйн орчноо сайжруулж олон улсын жишигт нийцүүлсэн. Төрийн өмчийн реформ, банкны салбарын шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, Хорооноос хэрэгжүүлсэн бодлогын томоохон арга хэмжээний үр дүнд Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3 жил хүрэхгүй хугацаанд 3 их наяд төгрөгөөс 11 их наяд төгрөг хүртэл өссөний зэрэгцээ зах зээл дээр хувьцаа, бондоос гадна анхны хамтын нээлттэй, хаалттай сангууд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэх зэрэг нийт 70 гаруй шинэ бүтээгдэхүүн гарсан. Мөн олон жил яригдаж байсан ч ажил хэрэг болж чадаагүй байсан Биржийн бус зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлж өглөө. Энэ зах зээл үүсээд ердөө жил гаруйхны хугацаа өнгөрч байхад нийт 82 компанийн  2.12 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 108 бондыг бүртгэж, зах зээлээс 1.48 их наяд төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлж чадлаа. Гэхдээ хөрөнгийн зах зээлийн арилжааны 97 хувь нь дотоодын хөрөнгө оруулагчид, үлдэх гурван хувь нь гадаадын хөрөнгө оруулагч нар юм.

Энэ тоог бид 2026 он гэхэд 60:40 харьцаатай болгох, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 11 их наядаас 30 их наяд төгрөг болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтод хүрэх, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг цаашид хөгжүүлэх, тэр дундаа хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх гарцийг тодорхойлоход чиглэсэн гадаад, дотоодын экспертүүдын мэдлэг, туршлага, санал зөвлөмжөө хуваалцдаг бодлогын зөвлөл байгуулах боломж бололцоог бий болгохоор эрэлхийлж байна” гэдгийг онцолсон юм. 

Уулзалтад Deutsche Bank, UBS, JPMorgan Cazenove, Goldman Sachs,  Sumitomo Mitsui, Barclays, Bank of China, Morgan Stanley, US EXIM, Citi, BNP Paribas Exane, HSBC Australia Bank зэрэг олон улсын нөлөө бүхий 48 байгууллагын төлөөлөл оролцов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top