Ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид “PREMIERE VISION PARIS 2023” үзэсгэлэнд оролцлоо

2023 оны 07 сарын 14

Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ), Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-ын АДАПТ төслийн дэмжлэгтэйгээр 2023 оны долоодугаар сарын 4-6-ны өдрүүдэд Франц улсын Парис хотноо бөс бараа, хувцас үйлдвэрлэл, загварын чиглэлээр зохион байгуулагдсан “PREMIERE VISION PARIS 2023” олон улсын үзэсгэлэнд Монголын Ноос Ноолуурын Холбооны нэрийн дор "Говь" ХК, "Кашмир Холдинг" ХХК, Ханбогд "Кашмир" ХХК, "Сноу Филдс" ХХК компаниуд 2 дахь удаагаа амжилттай оролцлоо.

Түүнчлэн Монголын Хаан Ширхэгт, Текстилийн тогтвортой  үйлдвэрлэлийг сурталчлан видео контент хийж, гарын авлагыг үзэсгэлэнг ирж сонирхогчид болон оролцогчдод өгсөн бөгөөд бүтээгдэхүүний гарал үүслийн мөшгөх тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэн хэрхэн амжилттай нэвтрүүлж байгаа талаар, мөн Монгол ноос, ноолуурын онцлог давуу тал, эко байдал болон байгаль, мал амьтанд ээлтэй орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа талаар ирсэн зочдод танилцуулж, бусад улсын бизнес эрхлэгчид, худалдан авагчидтай харилцаа холбоо тогтоон ажилласан юм.

Үзэсгэлэнгийн эхний өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай У.Нямхүү, дипломат консул Д.Мөнхжаргал нар Монголын бүүтэнд зочилж, МННХ-ны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг болон компаниудын төлөөлөлтэй уулзан санал бодлоо солилцож, бүтээгдэхүүний коллекцуудыг сонирхон амжилт хүссэн бөгөөд Францын зах зээл дэх ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, 2 улсын цаашдын эдийн засаг, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлснийг онцлоход таатай байна.

50 дахь жилдээ зохиогдож буй тус үзэсгэлэнд 50 гаруй орны 1,400 орчим оролцогчид өөрсдийн бараа, бүтээгдэхүүн, шинэ коллекцуудаа танилцуулсан бөгөөд 120 гаруй орны 63,000 орчим салбарын мэргэжилтнүүд, сонирхогчид нэг доор цугларч санал бодлоо солилцон, туршлага хуваалцаж, эко, тогтвортой, инновацлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэлэг санаа, урам зоригийг авсан өндөр ач холбогдол бүхий томоохон арга хэмжээ боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З(66.181.183.200) 2023 оны 07 сарын 14

Ноолууран хувцас суухай шнжрийг нь арилгачихвал гадаадынхан сонирхох байхаа.

0  |  0
Top