“Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн Статистикийн хамтын ажиллагаа, чадавхыг бэхжүүлэх дээд түвшний бүлгийн 31 дэх удаагийн уулзалт энэ сарын 13-нд боллоо. Энэ үеэр ҮСХ-ны дарга Б.Батдаваа Статистикийн хамтын ажиллагаа, чадавхыг бэхжүүлэх дээд түвшний ажлын хэсгийн гишүүнээр улиран сонгогдлоо.
Үндэсний Статистикийн Хороо нь тус ажлын хэсгийн гишүүнээр 2015-2017, 2017-2019 онд сонгогдон ажиллаж байсан юм.
Уулзалтын үеэр НҮБ-ын Статистикийн комисс болон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн хэрэг эрхлэх газраас гишүүн улс, орнуудад хандан “Дэлхийн дата форум”-ыг зохион байгуулахыг уриаллаа. Энэхүү форумыг 2026 онд тав дахь удаагаа зохион байгуулахаар төлөвлөж буй.
Эргэн сануулахад, “Дэлхийн дата форум” өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулагдаж, энэ үеэр ҮСХ-ны дарга Б.Батдаваа “Статистик хэрэглээ болон хамтын ажиллагаа: Парламент ба Үндэсний Статистикийн Хороо” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.
Статистик, өгөгдлийн шинэ санаачилгыг дэмжих хүрээнд олон улсын статистикийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, “Тогтвортой Хөгжлийн Зорилго”-ыг хэмжих мэдээллийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилго бүхий энэхүү дата форумд жил бүр 20 мянга гаруй хүн оролцдог юм.
Сэтгэгдэл ( 0 )