Дулааны улирал эхэлж, дотоодын аялал зугаалга, Үндэсний их баяр наадам бүх нийтээр амрах өдрүүдтэй холбоотой орон нутгийн замд зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах эсдэл өндөр хэвээр байна.
Иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх замын хөдөлгөөнд оролцох буруу дадал, хандлагыг сайжруулах зорилгоор Тээврийн цагдаагийн албанаас 2019 оноос эхлэн “Яараад яахав дээ” Ирээдүйгээ хамгаалъя Аажуу явбал аяндаа хүрнэ дээ зэрэг ухуулга, нөлөөллийн аян, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж ирснээр тухайн хугацаанд бүртгэгдсэн зам тээврийн ослын тоо -8.1 ээс, -50.8 хүртэл хувиар буурсан үзүүлэлт байдаг.
Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ онд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр Орон нутгийн зам хөдөлгөөний соёл нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж, энэхүү төлөвлөгөөний хүрээнд “Нэг зам-Нэг соёл” аяныг эхлүүлээд байна.
Зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчилан таниулах энэхүү аяны арга хэмжээг энэ оны долоодугаар сарын 3-ны өдрөөс наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл холбогдох хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм.
Мөн замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах бөгөөд хурд хэтрүүлэх, хамгаалах бүс, гэрэлтүүлэх хэрэгсэл ашиглах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд тавих хяналтыг нэмэгдүүлж, зохих хариуцлагыг хүлээлгэх, энэ төрлийн зөрчлийг гаргуулахгүй байхад илүү анхаарах болно.
Энэхүү аяны уриалгад “соёл” гэсэн үг орсон бөгөөд энэ үгийн цаана замын хөдөлгөөнд оролцогч бүрийн үүрэг, хариуцлага, ухамсарт үйл ажиллагаа замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх гэсэн агуулга багтаж байгаа ажээ.
Иймд замын хөдөлгөөний дүмийг баримталж зам гэсэн нэг л жимээр бие биеэ хүндэтгэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )