30 жилийн "унтаа" бодлого ба Хуучин төслүүд цаасан дээрээс буух уу?

2023 оны 07 сарын 18

Ерөнхий сайд өчигдөр эрчим хүчний салбарынхантай уулзахдаа “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дараагийн анхаарах салбар бол эрчим хүчний салбар" гэсэн. 

Тэрбээр "ДЦС-уудын насжилт дууссан, алдагдалтай ажилладаг зэрэг олон бэрхшээл хэлдэг. Эрчим хүчний салбар ашигтай ажиллах ёстой. Энэ нь өөрөө эрчим хүчний сэргэлт. Сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлж байж, ногоон эдийн засаг хөгжинө. Жил бүр 200 гаруй сая ам.долларын эрчим хүч гаднаас авч буйг бууруулахын тулд та бүхэн энэ цаг үеийг ашиглах ёстой. Засгийн газар эрчим хүчний салбарт онцгой анхаарч ажиллаж байна хэмээн ярьсан. 

Ерөнхийдөө бол эрчим хүчний салбарт сэргэлт хамгийн их шаардлагатай байсаар өдийг хүрсэн.

5 дугаар дулааны станц барих шийдвэр бүр 1987 онд гарч байсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй, Тавантолгойн дулаан цахилгаан станц баригдаагүйгээс болж  жилд 120 сая ам.доллар гадагшаа  шилжүүлж буй нь эрчим хүчний салбар дахь төрийн бодлого  унтаа явж ирсний л илэрхийлэл. 

Ерөөс эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангахгүйгээр улс орны эдийн засгийг сэргээх боломжгүйг мэргэжилтнүүд хэлж ярьсаар өнөөдрийг хүрсэн. 

Түүнчлэн "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр тусгасан  22  төслийн цаасан дээрх насжилт өмнөх түүхийг давтах вий гэсэн асуудал хөндөгдөж буй. 

Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдээс дурдвал,

Дулааны цахилгаан станцыг өргөтгөх: Дулааны 2, 3-р цахилгаан станц, Чойбалсан, Амгалангийн ДЦС,

Эрчим хүчний шинэ эх үүсвэр барих: Тавантолгой, Багануурын Дулааны цахилгаан станц, Төвийн бүсийн 5 дахь эх үүсвэр, Эрдэнэбүрэн, Эгийн голын Усан цахилгаан станц,

Дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам байгуулах: Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай, Тавантолгой-Оюутолгой, Сайншанд-Цагаансуварга, Багануур-Өндөрхаан, Багануур-Чойр, Мандалговь-Арвайхээр, Багануур-Налайх-Улаанбаатар


Энэ салбарыг хариуцаж буй сүүлийн үеийн сайд дарга нар эрчим хүчний үнэ тарифыг бодит өртгөөр тогтоож, индексжүүлснээр Шинэ сэргэлтийн бодлогод туссан төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болно гэж хэлж ярьж байгаа.  

Монголын бизнесийн зөвлөлийн УЗ-ийн дарга Ц.Түмэнцогт жилийн өмнө хэлэхдээ "Ойрын 4-5 жилд өөрийн эх үүсвэртэй болтол 3 орчим их наяд төгрөгийг цахилгааны импортод зарцуулахаар байна. Энэ хэмжээний орлогоор хэчнээн хүн ажилтай болох вэ? Хэчнээн хэмжээний татвар төлөх вэ? Энэ бол алдагдаж буй боломж гэж харж байна. Сүүлийн хоёр жилд 1 их наяд төгрөгийг цахилгааны хөнгөлөлтөд зарцуулсан нь зах зээлд сөргөөр нөлөөлж байна" гэж байсан. 

Тэгвэл эрчим хүчний салбарын төлөөллүүд Ерөнхий сайдтай уулзахдаа дараах байр суурийг илэрхийллээ. 

“УБЦТС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан: Үерийн бүсэд долдугаар сарын 6-наас хойш ажиллалаа. Бид гамшгийн үед бэлэн биш байна. Одоогоор шууд учирсан хохирол 600 орчим сая төгрөг байна. 60 орчим мянган хэрэглэгчийн 1300 дэд станцыг уснаас хамгаалсан. “УБЦТС” ТӨХК 460 мянган хэрэглэгчээ ухаалаг тоолууртай болгочихвол өвлийн оргил ачааллын үед хэрэглээг хянаад явах бүрэн  боломжтой. Эрчим хүчний салбарын алдагдлын хэмжээ ч буурна.

ДЦС-4” ТӨХК-ийн ерөнхий инженер П.Болдбаатар: Эрчим хүчний 58, дулааны эрчим хүчний 54 хувийг манайх хангадаг. Өнгөрсөн өвлийн оргил ачааллын үед бэлтгэл нөөц тоноглолгүй 81 хоног ажилласан. Ямар ч нөөцгүйгээр ажиллана гэдэг эрсдэлтэй. Тоног төхөөрөмжийн насжилт өндөр, шинэчлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Манайх 1480 гаруй ажилтантай ч өнгөрсөн онд 200 гаруй, он гарсаар 116 инженер, техникийн ажилтан ажлаасаа гарлаа.  Ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарахгүй бол хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй байна.

“Шивээ-Овоо” ХК-ийн ерөнхий инженер Г.Гэрэлхүү: Өвөлжилтийн бэлтгэл 61 хувьтай байна. Өнгөрсөн онд төмөр замтай холбоотой буюу өртөөний даац ачааллаа дийлэхгүй байснаас захиалгууд овоорч, олон хэрэглэгч бага нөөцтэй болж, хүндэрч байсан. Энэ жил ийм асуудал үүсгэхгүй байх үүднээс УБТЗ руу бичиг явуулахад ойрын 2 жилд өртөөнд өргөтгөл хийх боломжгүй гэх хариу өгсөн. Энэ асуудлыг шийдэхгүй бол өнгөрсөн жилийнх шиг хүндрэл гарна.

Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбооны ерөнхийлөгч Б.Авирмэд: Эрчим хүчний салбарын 99 хувь нь төрийн өмчийн мэдэлд байдаг. Үндсэндээ төрийн өмч давамгайлсан тогтолцоотой салбар.  Манай салбарт тулгамдсан асуудал олон бий. Гэхдээ би шийдэл яримаар байна. Эрчим хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай өөрчилмөөр байна. 2001 оноос хойш энэ хуульд жижиг өөрчлөлтүүд орсон, одоо илүү либерал болгомоор байна. ОХУ-ын зургийн компанитай ажиллах гэхээр танай төсөв хангалтгүй гэдэг. Төслийн удирдлагын тогтолцоог цогцоор нь шинэчлэх хэрэгтэй. Цахилгаан дамжуулах компанийг олон улсын жишгээр ажиллуулмаар байна гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gf(64.119.25.78) 2023 оны 07 сарын 18

хүмүүсийг нь цогцоор нь шинэ боловсон хүчнээр солих хэрэгтэй

0  |  0
Top