Арилжааны 5 томоохон банк хувьцаагаа олон нийтэд нээлттэй амжилттай арилжаалж (IPO) дууслаа.
IPO банкны салбарт ямар ач холбогдолтой үйл явдал болсон талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараах байр суурийг илэрхийлж байна.
Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж эхлэхдээ 1991 онд төв банк – арилжааны банк гэх 2 шатлалтай банкны тогтолцоотой болсон нь түүхэн реформ байсан. Харин одоо 30 жилийн дараа системийн хамгийн том банкнууд олон нийтийн өмчлөлд шилжиж эхэлсэн нь дараагийн реформ буюу 2 дахь хувьсгал гэж нэрлэж болох байх. Энэ бол банкны салбарын дараагийн 30 жилийн түүхийн эхлэлийг тавьж буй чухал явдал боллоо. Энэ утгаараа банкны харилцагч, зохицуулагч, хөрөнгө оруулагчийн хувьд онцлох үе, цаг хугацаа юм.
Мөн тэрбээр банкны салбар дахь гадаад, дотоод хөрөнгө оруулалтын талаар:
Монголбанк хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгахгүй, харин ямар ч хөрөнгө оруулагч мөнгөө оруулахад итгэлтэй эрүүл, тогтвортой банкны салбарын төлөө л ажилладаг. Ялангуяа олон улсын захаас хөрөнгө оруулалт татах нь өөрөө Монгол Улсын нэр хүнд, валютын дотогшлох урсгал, нөөц, төгрөгийн тогтвортой байдал гээд олон зүйлд эерэг нөлөөтэй. Хөрөнгийн орох урсгалаас гадна дагаж орж ирэх мэдлэг, бизнесийн соёл, туршлага гээд мөнгөөр хэмжигдэхгүй үнэт зүйлс ч их. Иймд гаднын нэр хүнд бүхийн банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулъя гээд хүсэлтээ тавихад Төв банк өөрийн үйл ажиллагаа, зохицуулалтын хүрээнд нээлттэй хандана.
Монголын санхүүгийн сектор олон улсын захтай холбогдох тусам л хөгжлийн шинэ шат ахих учраас ийм санаа санаачилгыг бүрэн дэмжиж ажиллана. Мэдээж зохицуулагч байгууллагын хувьд эрсдэлийг ч мөн тооцоолно.
Нөгөө талаас, яагаад өнгөрсөн 30 жилд бидний хүссэн шиг хөрөнгө оруулалт орж ирсэнгүй вэ гэдэг дээр мэдээж олон шалтгаан бий. Нэг том шалтгаан нь манай дотоодын зах зээлийн хэмжээтэй шууд холбоотой.
Манай аж ахуйн нэгжүүдийн бизнес, иргэдийн орлогын түвшин томоохон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах хэмжээнд хүрээгүй байна. Монголын нийт хүн ам, худалдан авах чадварыг харьцуулаад үзэхээр 10-20 сая өндөр орлоготой оршин суугчтай дэлхийн томоохон хотуудын нэг дүүргээс бага байна, нийт 14 тэрбум долларын хэмжээтэй эдийн засаг маань дундаж компаниас жижиг байгаа нь бодит байдал юм. Дээр нь далайд гарцгүй тул тээврийн зардал өндөр.
Иймд “гаднаас хөрөнгө оруулаад үйлдвэрлээд, дотоодын зах зээлд зарах эсвэл гадагш нь экспортолдог” бизнес загвар болон ажиллахгүй мэт харагдана. Хэдийгээр Уул уурхайн том төслүүдийн хувьд хөрөнгө оруулагчид шууд олон улсын зах зээл дээрээс оролцох боломжтой тул заавал орж ирье гэхгүй байна. Санхүүгийн салбарыг аваад үзэхэд, олон улсад нэр хүндтэй хэд хэдэн банк эхлээд төлөөлөгчийн газраа нээгээд дотоодын зах зээлийг судалж үзсэн ч нэмж хөрөнгө оруулаад салбараа нээгээд өргөн хүрээнд бизнесийн үйл ажиллагаагаа явуулах шийдвэрт хүрээгүй л байна. Гэхдээ бид саяхан “Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай” хуультай болсон. Ингэснээр томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх бизнест сонирхолтой гаднын хөрөнгө оруулагч нарт шинэ боломжийг нээж өгөх зорилготой юм. Энэ зорилго удахгүй биелэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )