"Монголд төлөөлөгчийн газартай гаднын банкууд салбар нээх шийдвэрт хүрээгүй"

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 24

Олон улсад нэр хүндтэй хэд хэдэн банк Монголд төлөөлөгчийн газраа нээж, дотоодын зах зээлийг судалж үзсэн ч нэмж хөрөнгө оруулан, салбараа нээж, өргөн хүрээнд бизнесийн үйл ажиллагаагаа явуулах шийдвэрт хүрээгүй байгааг Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байна. 

Гэхдээ сая  “Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай” хуультай болсныг тэрбээр онцоллоо. Ингэснээр томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх бизнест сонирхолтой гаднын хөрөнгө оруулагч нарт шинэ боломжийг нээж өгөх зорилготой. Энэ зорилго удахгүй биелэгдэнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Дашрамд сануулахад, долоон жилийн өмнө буюу  2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Б.Жавхлан нарын 18 гишүүнээс Улсын Их Хуралд анх өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг энэ оны нэгдүгээр сард баталсан.

Гадаад улс орны төрийн өмчит хуулийн этгээд Монгол Улсад хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрөл хүссэн бол Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21.1-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас буюу гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Эдийн засгийн хөгжлийн яамнаас урьдчилсан зөвшөөрөл авах юм. 

Дээрх заалтын хүрээнд уул уурхай, банк, санхүү, хэвлэл, мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших тохиолдолд урьдчилж зөвшөөрөл авах зохицуулалттай.

Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үндсэн үйл ажиллагаа нь төсөл санхүүжүүлэх бөгөөд үнэт цаас, санхүүгийн хэрэгсэл худалдах, худалдан авах үйл ажиллагаа нь үндсэн үйл ажиллагааг дагалдах хэрэгсэл болно.  Санхүүжүүлэх явцдаа төслийнхөө талаар, үйл ажиллагааных нь талаар мэдээлэлтэй байж, амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой байх үүднээс харилцагч, түүний холбогдох этгээдийн гаргасан хувьцааны 20 хүртэл хувийг хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк нь эзэмшиж болох бөгөөд эзэмшиж байгаа хувьцаа нь саналын эрхгүй байхаар  хуульд тусгасан.

Харин энэ төрлийн харилцааг нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран баталсан журмаар зохицуулах аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нарангэрэл(66.181.160.91) 2023 оны 07 сарын 25

ер нь бол гадны банкуудыг хурдан оруулах хэрэгтэй энэ манай банкууд арай хэтэрч байгаа шүү өөрсөддөө мөнгө угааж том том байшин барилга барьж байна энэ байдлыг зогсоох хэрэгтэй

0  |  0
Хэ хэ(192.82.77.117) 2023 оны 07 сарын 25

Хөгжлийн банкны дуулиан намдаагүй, төрийн 4 тэрбум гаруй долларыг шамшигдуулаад хэн ч зэм буруугүй мултарч байгаа шүүх засаглалтай оронд хэн хөрөнгө оруулах вэ дээ. Ёстой гадны банкны мөнгийг хэрхэн залилж авах вэ гээд улс төрчид, шүүх цагдаагийнхан хөх инээд нь хүрч байгаа биз

0  |  0
Top