Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар усны салбарын инженерүүд, эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш нартай зөвлөлдөх уулзалт хийж, үерийн усны нөхцөл байдал, үерийн даланг хааж барьсан барилга, байгууламжийг цаашид хэрхэх чиглэлээр санал солилцсон юм.
Энэ үеэр Усны газрын дарга асан З.Батбаяр дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Юуны өмнө усны салбарынхантай уулзаж байгаад баяртай байна. Энэ уулзалтыг 40 жилийн өмнө хийх ёстой байсан. Мөн үерийн үед ажилласан ажилтан, алба хаагчдадаа талархал илэрхийлье. Усны тухай хуульд усны хамгаалалтын бүсийг 50 метр зааж өгсөн. Орон нутгийн захиргааны байгууллагын үндсэн үүрэг бол хууль биелүүлэх. Хууль зөрчсөн бол барилгыг буулгаж, зардлыг буруутай этгээдүүдээр төлүүлэх ёстой. Хуулийг хэрэгжүүлээч ээ.
2004 онд Усны тухай хууль батлагдсан ч огт хэрэгжихгүй байна. Тооцооллоор 2035 он гэхэд Улаанбаатар хотыг усаар хангаж чадахгүй болно 2040 он гэхэд Улаанбаатарчуудын хоногийн усны хэрэглээ 1 сая шоо метр болно. Одоо байгаагаас гурав дахин нэмэгдэнэ гэсэн үг. Үерийн дараа ган болдог. Үүний гол гарц нь усан сан. Борооны ус хуримтлуулах усан сан байгуулъя. Төлөвлөлтийн үндэс ус. Хятадад 23 мянган усан сан, БНСУ-д 19 мянган усан сан байна. Усыг төлөвлөхгүйгээр хотыг хөгжүүлэх боломжгүй. Үерийн хамгаалалтын үндсэн арга ганц далан биш, усан сан хэмээлээ.
Сэтгэгдэл ( 0 )