Хятадын Ардын банканд төлөх ₮7.25 их наядын свопийг дахин 3 жилээр СУНГАЛАА

2023 оны 08 сарын 02

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өмнөд хөршид хийсэн айлчлалынхаа  хүрээнд  Хятадын Ардын Банкны своп хэлцлийн хугацааг сунгахаар албан ёсоор тохиролцсон талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г дахин 3 жилээр албан ёсоор сунгажээ.

Тодруулбал, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан 15 тэрбум юань буюу 7.25 их наяд төгрөгийн “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г шинэчлэн байгуулсан байна.

Гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа нь гурван жил буюу 2026 он хүртэл бөгөөд талууд харилцан тохиролцсон тохиолдолд хугацааг сунгах боломжтой гэж Монголбанкнаас мэдэгдлээ.

Сануулахад, 2022 онд Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр свопийн хугацааг дахин гурван жилээр сунгах асуудал хөндөгдөж байсан. Хоёр орны Ерѳнхий сайд нарын уулзалтын үеэр тѳгрѳг-юанийн своп хэлцлийн хугацааг 2026 он хүртэл 3 жилээр сунгах асуудал яригдаж байв. Түүнчлэн Ерөнхий сайд жил гаруйн дараах айлчлалынхаа хүрээнд уг асуудлыг баталгаажуулсан юм.

 Ер нь бол свопийн хугацааг сунгах асуудал хоёр улсын Төв банк хоорондын гэхээсээ улс төрийн түвшний харилцан тохиролцоо, ойлголцол дээр суурилан, шийдэгдэж өнөөдрийг хүрсэн юм.

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 2011 онд анх  10 тэрбум юаниар байгуулж байсан уг своп хэлцлийн дүн өнгөрсөн жилүүдэд өсөж, хэд хэдэн ч удаа хугацаа нь сунгагдсан.
2011 онд  10 тэрбум юаниар байгуулж байсан бол  2014 онд нэмж 5 тэрбум юаниар байгуулан,  3 жилээр сунгаж байв. Ийнхүү хэмжээг нь нэмэгдүүлснээр 15 тэрбум юаньтай тэнцэх болсон своп хэлцлийн гэрээний хугацааг   2017 онд  мөн  3 жилээр сунгасан.

2017 онд гурван жилээр сунгасан нь Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн  хүрээнд давхар шийдвэрлэгдэж байв. Тодруулбал, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг 2017 онд эхлүүлж, доноруудын санхүүжилт болох 5.5 тэрбум ам.доллар шийдвэрлэгдэхэд дээрх своп хэлцлийн хүрээнд авч ашигласан дүн нэг хэсэг болж дотор нь багтсан байдаг.  Түүнчлэн своп хэлцлийн хугацааг 2017 онд гурван жилээр сунгасан нь Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн  хүрээнд давхар шийдвэрлэгдэж байсан юм.

Дараа нь  2020 оны долоодугаар сарын 31-ний өдөр шинэчлэн байгуулж, своп хэлцлийг дахин 3 жилийн хугацаатайгаар сунгасан билээ. Своп хэлцлийн хугацааг дахин гурван жилээр сунгах саналыг 2019 онд манай талаас тавьж,  хэлэлцээ хийсний үр дүнд хугацааг дахин сунгасан байдаг.

Манай улс  нэг дор 7 их наяд төгрөгтэй тэнцэх төлбөр төлөх боломжгүй.   Хугацаа сунгахгүй бол Төв банк валютын нөөцөөсөө төлөх эрсдэлд орох учраас ийм маягаар хугацааг нь сунгаж, шийдвэрлэж байна. 
                                                         

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.115) 2023 оны 08 сарын 02

Юу л хийгээд байна даа. ҮАБЗ -өөр хэлэлцсэн юм байгаа биз дээ.

0  |  0
Зочин(202.9.46.115) 2023 оны 08 сарын 02

Юу л хийгээд байна даа. ҮАБЗ -өөр хэлэлцсэн юм байгаа биз дээ.

0  |  0
Зочин(66.181.161.61) 2023 оны 08 сарын 02

Байж байх ёстой нөөцийг аваад идчихсэн. Үүнийгээ эрх баригчид тайлагнах ёстой.

0  |  0
Top