Тавантолгой - Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор үндэсний төмөр замын сүлжээг 416,1 километрээр өргөтгөж байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь жилд 15-20 сая тонн ачаа тээх хүчин чадалтай, гол замын даац 25 тонн, нэг өртөө, зургаан зөрлөг бүхий гуравдугаар зэрэглэлийн төмөр зам юм.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтцийн ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН ажилласан бөгөөд үндэсний 106 компани, аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр оролцов.
Энэхүү төмөр замыг Монгол инженер, техникийн ажилтнууд бие даан бүтээн босгож, төслийн бүтээн байгуулалтын явцад 10 мянга гаруй хүн оролцож, 3 мянга гаруй машин техник ашиглав.
Төмөр зам байнгын ашиглалтад орсноор Эрдэнэс Тавантолгойн уурхайн экспортын хэмжээг нэмэгдүүлэх, гуравдагч зах зээлд хүргэхийн зэрэгцээ төмөр замын трассын дагуух бүс нутагт байрлаж буй бусад уул уурхайнуудын экспортыг дэмжинэ. Мөн авто замын тээвэртэй харьцуулахад тээврийн өртгийг хоёр дахин бууруулж, хоёр мянга орчим ажлын байр нэмэгдүүлэх нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барихад 837,6 мянган ширхэг бетон дэр, бэхэлгээ, 871 км шилэн кабель суурилуулж, 25,1 сая метр куб газар шорооны ажил хийсэн байдаг.
Мөн төмөр замын трассын дагуу 595 ш гүүр хоолой барьж, 22 мянган метр.кв барилга байшин ашиглалтад оруулж, дэлхийд тэргүүлэгч SIL4 шаардлагыг хангасан БНСУ-ын дохиолол холбооны системийг суурилуулж, MNS6229:2010 стандартад бүрэн нийцсэн ачааны хүнд даацын төмөр замыг бүрэн ашиглалтад орууллаа.
Сэтгэгдэл ( 1 )
баяр хүргэе хийвэл чаддаг л юм байна ш дээ дараа нь асуудал гарахгүй байгаасай гэж залбирая