МЭНДЧИЛГЭЭ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 04

Улс орныхоо ирээдүйн хөгжил, төмөр замын салбарт сэтгэл зүрхээ зориулж нөр их хөдөлмөр туршлагаараа үлгэрлэж буй үе үеийн төмөр замчид, та бүхэнд Монгол Улсад төмөр замын салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ой, “Төмөр замчдын баяр”-ын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Манай улс 1938 онд Улаанбаатар-Налайх чиглэлд 43 километр урттай нарийн царигийн төмөр замыг анхлан барьж, мөн ондоо Ардын хувьсгалын 17 жилийн ойн баярыг тохиолдуулж анхны галт тэргийг аялуулснаар түүхийн шинэ хуудсыг нээж байсан бол өнөөдөр бид “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар, “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компани, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Тавантолгой төмөр зам” хязгаарлагдмал хариуцлагатай компани, “Болдтөмөр Ерөө гол” хязгаарлагдмал хариуцлагатай компани зэрэг төмөр замаар овоглосон томоохон байгууллагууд, туслах үйлдвэр, аж ахуй нэгжүүд олноор байгуулагдаад байна. 2023 оны эхний хагас жилийн байдлаар 16,4 сая.тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетнй харьцуулахад 26,5%-иар өссөн үзүүлэлт юм.

Монгол Улсын Төмөр замын сүлжээний нийт урт 1990 орчим километр болон нэмэгдэж, 16500 төмөр замын ажилчидтай, говийн бүсэд 876,4 километр төмөр замын их бүтээн байгуулалтыг цогцлоон бүтээсэн томоохон салбар болж өргөжин тэлж, хөгжлийг түүчээлсээр байна.

Мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн олон жил ужгирсан 200 тэрбум төгрөгийн их өрийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, дүрмийн санг 167 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, таван шинэ зүтгүүрээр хөдлөх бүрэлдэхүүнээ шинэтгэх бололцоог нээн, 16 мянган төмөр замчныхаа цалин хөлс, урамшууллыг нэмэх бодит боломжийг бүрдүүлж, ОХУ-ын транзит тээвэрт үзүүлдэг асан тарифын хөнгөлөлтийг 10 хувь бууруулж чадлаа.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр БНХАУ-ын Эрээнд өртөөнд өргөн царигаар 18 галт тэрэг хүлээлгэн өгч, нарийн царигаар 9 галт тэрэг хүлээн авсан нь тус нийгэмлэгийн 74 жилийн түүхэнд гарч байгаагүй дээд амжилт юм.

Улаанбаатар-Хархорум чиглэлд Монголын анхны хурдны төмөр замын төсөл хэрэгжүүлэхээр зорьж холбогдох зураг төслийг боловсруулж байна. Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255км төмөр зам, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426км төмөр замын төсөл, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхээ боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замын төслийг ойрын үед хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байна. Ханги-Мандалын хил холболтын төмөр замыг ойрын үед барих асуудлаар Хятадын талтай хэлэлцэж байна. Зүүн босоо чиглэлийн төмөр замын төслийн нэгээхэн хэсэг болох 1.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмжүүд орж ирэн ажилдаа ороход бэлэн болсон зураг өндөр амжилт бүтээлтэй төмөр замынхаа түүхэн ойг угтаж байна.

Энэ түүхэн хугацаанд төмөр замаар манай улсын эдийн засгийн гол бүс нутгууд холбогдон, техник технологийн шинэчлэлүүдийг үе шаттай хэрэгжүүлснээр улсын нийт ачаа тээврийн 70 хувь, зорчигч тээврийн 20 гаруй хувийг гүйцэтгэж, Улаанбаатар төмөр замын гол шугам нь Ази-Европыг холбосон тээврийн хамгийн дөт коридор болж хоёр хөршийн худалдааны харилцаанд транзит тээврийн үүргийг амжилттай гүйцэтгэж байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдлыг амжилттайгаар даван туулж, гадаад улс орнуудын харилцаа, нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед төмөр замаар ачаа тээврийг тасралтгүй гүйцэтгэж байгаа төмөр замчид Та бүгдээр бахархахын зэрэгцээ улам их үр бүтээлтэй ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.

Төмөр замын тээврийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийг Улсын Их Хуралаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр эцэслэн батлууллаа. Хууль шинэчлэгдэн батлагдснаар төмөр замын тээврийн салбарын хөгжил, Монгол Улсын нийгэм, эдийн засагт бодитой, эерэг үр дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байна.

Улс орныхоо нийгэм, эдийн засаг, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, түүхэн хөгжлийн хугацаандаа улс орны үнэт баялагийг бүтээж ирсэн Хөжглийн судас болсон төмөр замчид Та бүхэндээ ирээдүйн хөгжлийн их бүтээн байгуулалтын төлөө оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулан ажиллахыг хүсэхийн зэрэгцээ нийт төмөр замчид болон тэдний гэр бүлд, ажил, амьдрал нь үргэлж өөдөө дэвжиж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

ГАН ЗАМЧДЫН ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ!

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top