"Монголд зочлох жил” арга хэмжээ, Төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ чиглэлийн эвент арга хэмжээ зохион байгуулах, зорилтот орны жуулчдыг татах, гадаад сурталчилгааг цаг алдалгүй эхлүүлэх талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ салбарынхантай санал солилцлоо. Энэ үеэр салбарын төлөөллүүд дараах байр суурийг илэрхийллээ.
”Нью жуулчин” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Нэргүй:
Монгол Улсад өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой ба олон улсын болон дотоодын тогтмол нислэг нэн шаардлагатай байна. Манай компани Хятад болон Японы талаас жилийн турш тус бүр 3000 жуулчин хүлээн авсан ба энэ тоог нэмэгдүүлэхэд өвөл, зун гэж ялгалгүй нислэгийн тоог тогтмол байлгах хэрэгтэй. Мөн өвлийн аялал жуулчлалын зардал өндөр, халаалт, дулаан болон цахилгааны хэрэглээнд зардал их гардаг тул цахилгааны улирлын хөнгөлөлт үзүүлэх. Түүнчлэн БНХАУ, Тайвань, Япон Улсаас Монгол руу ирэх нислэгийг тогтмол болгож чадвал бидний хувьд өвлийн улиралд ч зуны улирал шиг жуулчны урсгалыг тасралтгүй байлгах бүрэн боломжтой.
Архангай аймгийн “Эртний нүүдэлчдийн өлгий” Аялал жуулчлалын холбооны Тэргүүн Д.Дашцэрэн:
Байгалийн дахин давтагдашгүй бүтээл болон ХАЛУУН РАШААН-д түшиглэн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Гэтэл аймаг, сумын ЗДТГ-аас замбараагүй газар олголт их байна. Уг асуудлыг цэгцэлж олон улсын стандартад нийцсэн баазыг халуун рашаануудад түшиглэн байгуулж чадвал өвлийн хүйтэнд жуулчид ирэх нөхцөл бүрдэнэ. Мөн шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудалд хамтарч ажиллах боломжтой гэв.
“Зуут трэйвел” ХХК-ийн захирал А.Энхзул:
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж буй улс орны жишгийг харахад томоохон мөсөн хот, хотхоныг байгуулж байна. Тухайлбал БНХАУ-ын Харбин хотод өвлийн улиралд зохион байгуулдаг мөсөн хотыг үзэхээр 20 сая жуулчин, ӨМӨЗО-ны Манжуур хотын мөсөн хотыг 2 сая жуулчин үздэг гэсэн судалгаа бий.Иймд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж чадвал манай улсад ч боломж бий гэж харж байна. Манай компани Хятадын зах зээлд ажилладаг ба Хятад Улсын олон сая дагагчтай инфлүзерүүдийг эх орондоо урих, өвлийн аялал жуулчлалыг сурталчлуулахад бэлэн байна гэв.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:
Та бүхэн боломжтой гэж харж буй чиглэл, асуудлаа яаралтай төлөвлөж, нарийн тооцооллыг гаргах хэрэгтэй. Мөн өвлийн аялал жуулчлалын сурталчилгааг одооноос гаднын улс оронд нэн даруй эхлүүлэх, мэдээллээ нэгтгэн ирүүлэхийг хүслээ.
Сэтгэгдэл ( 0 )