АНУ, Австрали, Сингапур улс руу “В787-9” агаарын хөлгөөр нислэг үйлдэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 11

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн түрээсийн AerCapкомпаниас 787-9 төрлийн хоёр хөлгийг урт хугацааны түрээсээр авч байгаагийн эхнийхийг өнөөдөр хүлээн авлаа. 

Агаарын хөлөг хүлээн авах ёслолын арга хэмжээнд Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт болон холбогдох албаныхан оролцлоо.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-дагаарын тээвэр, аялал жуулчлалын салбарыг цогцоор нь хөгжүүлэх зорилт тавин  ажиллаж буй. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны наймдугаар сарын 2-6-ны өдрүүдэд АНУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ АНУ, Монгол Улсын Засгийн газрын хооронд “Агаарын харилцааны хэлэлцээр”байгуулснаар хоёр улсын тээвэрлэгчид харилцан нислэг үйлдэхээр болсон. Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан энэ үед манай агаарын тээврийн компаниуд хөлгийн паркаа нэмэгдүүлэн, нислэгийн давтамж, чиглэлийг өргөжүүлснээр иргэд илүү хямд, шуурхай, тав тухтай аялах боломж нэмэгдэх юм.

Тус хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд энэ сараас эхлэн нислэг үйлдэнэ. Ирэх оноос АНУ, цаашид Сингапур, Австрали улс руу нислэг үйлдэхээр төлөвлөж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир онцлоод энэ хөлөг Улаанбаатар хотоос эхлэлтэй олон улсын нислэгийн чиглэл, давтамжид өргөн боломж олгохоос гадна зорчигч ачаа тээврийн багтаамжийг нэмэгдүүлж, дэлхийн томоохон хотууд руу тив алгасан нисэх техникийн боломжийг олгож байна гэлээ.

“В787-9” нь холын зайны, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий агаарын хөлөг юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянаа(66.181.185.139) 2023 оны 08 сарын 12

Хөлөг-Хүлэг нь найдвартай байх болтугай аа! АМЖИЛТ ХҮСЬЕ !

0  |  0
Top