Монгол Улсын ДНБ энэ оны эхний хагаст ₮823 тэрбумаар буюу 6.4% ӨСЖЭЭ

2023 оны 08 сарын 17

Эхэнд тодотгоход, Үйлдвэрлэлийн аргаар тооцсон Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ нь шинээр бий болсон нэмэгдэл өртөг аль салбарт бий болсныг харуулдаг.Үүнийг ДНБ-ий ӨСӨЛТ гэж тодорхойлдог.

Тэгвэл Үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ  2023 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 30.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.1 ( 30.6%) их наяд төгрөгөөр өссөн бол 2015 оны зэрэгцүүлэх үнээр 13.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 823.0 ( 6.4%) тэрбум төгрөгөөр өсжээ. 



ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 оны эхний хагас жилд 9.0 хувиар буурч байсан бол 2021 оны эхний хагас жилд 6.3 хувиар, 2022 оны эхний хагас жилд 2.0 хувиар, 2023 оны эхний хагас жилд 6.4 хувиар тус тус өслөө.

Улирлын нөлөөллийг арилган тооцсон ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2023 оны 2 дугаар улиралд өмнөхулирлаас 0.5 хувиар өслөө.

2023 оны эхний хагас жилд 6.4 хувиар өссөний  -1.7 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, 3.9 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 0.3 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын салбар,3.5 нэгж  хувийг үйлчилгээний салбар, 0.4 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.

Дашрамд сануулахад, Төв банк 2023 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг өмнөх төсөөллөөс бага зэрэг сайжруулсан.

Энэ оны эхний улиралд эдийн засгийн өсөлт хүлээлтээс өндөр гарахад уул уурхай болон түүнээс хамааралтай тээвэр, худалдааны салбаруудын идэвхжил нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн юм. 

Тодруулбал, БНХАУ-ын “Тэг-Ковид” бодлогын арга хэмжээ суларсантай холбоотойгоор нүүрс, зэсийн баяжмалын экспорт хүлээлтээс сайн гарч, уул уурхайн салбарын өсөлтийг дэмжсэн. Гэвч уул уурхайн бус салбарын өсөлт хүлээлтээс бага гарч, цаашдын төлөв саарах хандлагатай. Тухайлбал, цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас хөдөө аж ахуйн салбар, түүнийг дагасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурах хүлээлттэй байгааг дурдсан. 

Тэгвэл хоёрдугаар улирлын гүйцэтгэлийг харахад хөдөө аж ахуйн салбар 1.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top