"Фитч” агентлаг Монголын эдийн засгийн талаар хэлэлцүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 18

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Фитч” /Fitch Ratings/ агентлагаас “Монгол Улсын Эдийн засгийн сорилт ба Тогтвортой ирээдүйг цогцлоох нь” сэдэвт хурал зохион байгууллаа.

Сангийн сайд Б.Жавхлан  хуралд оролцож, Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, Монгол улсын Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэхэд авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар дараах мэдээлэл өглөө.

2023 оны эхний хагаст Монгол улсын эдийн засаг 6,4 хувиар өсөөд байна. Үүнд:

-Уул уурхайн салбар 42,2 хувь

-Үйлчилгээний салбар 7,4 хувь

-Аж үйлдвэр, барилгын салбарын 1,4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй уул уурхайн салбарын ил тод байдлыг хангаж, хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхижүүлж, аялал жуулчлалын салбарыг бодлогоор дэмжин ажилласан нь эдийн засгийн өсөлтөнд түлхэц болж байна. 

Мөн олон улс дахь томоохон гүрнүүдийн эдийн засгийн бодлого, хэтийн төлөв, олон улсын зах зээлд хүлээгдэж буй өөрчлөлт, геополитикийн хурцадмал байдлын нөлөөгөөр үүсч болохуйц зах зээлийн тогтворгүй байдлын талаар мэдээлэл өглөө.

Фитч агентлаг нь 2023 оны тавдугаар сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг дараах үндэслэлүүдээр “B” түвшинд, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээсэн.Үүнд:

"В” түвшний бусад орнуудтай харьцуулахад Монгол Улсын нэг хүнд ногдох орлого нэмэгдсэн.

Инфляц 2024 онд 9 орчим хувь болж буурна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 5%-тай байна.

Монгол Улсын төсвийн алдагдал 2023-2024 онд 1%-иас бага байна.

Засгийн газрын өр үргэлжлэн буурч, 2024 онд ДНБ-ны 55 хувьд хүрнэ.

Дунд хугацаанд эдийн засгийн өсөлт сайжрах төлөвтэй байна гэж дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top