ФОРУМ: Японы ноу хау, технологийг ашиглан Хятадын зах зээлд нэвтрэх боломж бүрдүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 18

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төв хамтран зохион байгуулсан “Монгол-Японы бизнес форум-2023”-д  Японы талаас 100 гаруй,  Монголын 400 гаруй төлөөлөгч оролцлоо. 

Форумын үеэр Япон, Монголын экспортыг хөгжүүлэхэд чиглэсэн дэмжлэг, Мэдээлэл, харилцаа холбоо, цахим технологи, уур амьсгалын өөрчлөлт, нээлттэй инновац зэрэг сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн Япон-Монголын бизнесийг дэмжихэд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гүйцэтгэх үүргийн талаар танилцуулж, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан Монгол Япон хоёр улсын экспортын ахиц дэвшил, худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих панел хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо. 

МҮХАҮТ-аас санаачлан “Монгол-Хятад-Японы хамтын ажиллагааны зөвлөл”-ийг байгуулахаар төлөвлөж буйг энэ үеэр танилцуулсан бөгөөд тус зөвлөлийг байгуулснаар Монгол Улсын нөөц, боломжийг Япон Улсын туршлага, ноу хау, өндөр технологийг ашиглан Хятад Улсын зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлж, цаашлаад Зүүн өмнөд Азийн зах зээлд Монгол Улсын бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж тооцоолж байна. 

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш хоёр улсын худалдаа жил бүр өссөн бөгөөд 2018 онд огцом өсөж, 2016 онтой харьцуулахад экспортын хэмжээ 88.6%-иар, импортын хэмжээ 69.7%-иар, худалдааны нийт эргэлт 242.87 сая ам.доллароор өсч, 580 сая ам.долларт хүрч байсан бол 2022 оны байдлаар гадаад худалдааны нийт эргэлт болон импортын хэмжээ 689.4 сая ам долларт хүрсэн түүхэн амжилтыг үзүүлээд байна.

Түүнчлэн форумын үеэр Техникийн хамтын ажиллагааны "Шинэ Зуунмод хот болон Эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих төсөл"-ийн хэлэлцээний тэмдэглэлийн баримт, бичигт талууд гарын үсэг зурав.

Ингэснээр Япон Улсын зүгээс Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" ОУНБ болон түүний эргэн тойронд эдийн засгийн хөгжлийн бүс бий болох хөгжлийн төслүүдийг бодитой ажил хэрэг болгоход түлхэц болох техникийн туслалцаа үзүүлэх боломж бий болох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top