Хоногт 25 мянган машин нэвтрүүлэх хүчин чадалтай нүхэн гарц хийж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 20

БНХАУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр  Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц хийхээр болсон. Эдгээр нүхэн гарцаар том оврын машин, нийтийн тээврийн автобус чөлөөтэй зорчих боломжтой юм. Мөн ус зайлуулах систем, явган болон дугуйн замыг цогцоор нь шийднэ. Тус нүхэн гарцууд ашиглалтад орсноор авто зам төмөр замтай огтлолцохгүй болж, галт тэрэгний хөдөлгөөнөөс шалтгаалсан зохиомол ачаалал байхгүй болно. Төслийн нэгдүгээр байршил буюу Таван шар, төмөр замын 396 дугаар гарам дахь нүхэн гарцын бүтээн байгуулалтын байршилд Хотын дарга ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Улаанбаатар хот голоороо төмөр замаар тусгаарлагддаг. Энэ нь тодорхой хэмжээгээр замын хөдөлгөөний ачаалал үүсгэдэг. Судалгаагаар авто замтай огтлолцсон төмөр замын гармуудаас болж өдөрт 120-160 минутын хугацаанд тухайн хэсгийн хөдөлгөөн зогсдог. Уг зохиомол ачааллыг шийдэх чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт бол энэхүү нүхэн гарц юм хэмээлээ.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:

-Улаанбаатар хотод анх удаа шинэ технологи ашиглан уг бүтээн байгуулалтыг хийж байна. Галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулахгүйгээр тулаас хийж, нүхэн гарцын ажлыг гүйцэтгэнэ гэсэн үг. Наймдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод ашиглаж байгаа хамгийн хүнд даацын галт тэргийг энэ хэсгээр явуулж, туршилт хийнэ. Туршилт амжилттай болбол түр байгууламж доор арматур зангидаж, бетон угсран, нүхэн гарцын угсралтын ажлыг гүйцэтгэнэ. Газар чөлөөлөлтөд асуудал тулгарч байгаа. Зарим аж ахуйн нэгж тогтоосон үнэлгээнээс хэд дахин өндөр өртгөөр газраа санал болгож байна. Хэрэв газар чөлөөлөлтөө хугацаа алдалгүй хийж чадвал эхний гурван байршлын хийцлэл 2024 оны дөрөвдүгээр сард дуусах төлөвтэй байгаа гэв.

“Чайна тисижу сивил инженеринг групп” ХХК-ийн талбайн инженер Ли Шуа:

-Төмөр зам дээр агаарын шугамын бэхэлгээний ажил хийж байгаа бөгөөд нийт гурван багц дам нурууг бэхлэх юм. Одоогоор эхний хоёр багц дам нурууг бэхлээд дуусаж байна. Тодруулбал, D32 маркийн хөндлөн болон босоо дам нурууг ашиглаж, агаарын тоноглол, гүүрэн хэлбэрийн барилга байгууламж бий болгоно гэсэн үг. Үүнд 25 метрийн гүнтэй, 1.5 метрийн диаметртэй хүчитгэсэн бетон хийцлэл бүхий тулгуур багана байрлуулж байгаа. Гурван багц тулгуураа хийсний дараа нүхэн гарцын ухмалын ажлаа гүйцэтгэнэ. Ингэхдээ галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоохгүйгээр туннелээ хийх бөгөөд аюулгүй гэлээ.

Таван шар, төмөр замын 396 дугаар гарам дахь нүхэн гарц ашиглалтад орвол хоногт 25 мянган машин нэвтрүүлэх хүчин чадалтай болох аж. Энэ мэтчилэн Геологийн төв лабораторийн уулзвар, “Hermes” төвөөс урагш Төмөр замын зоорь, “Нарантуул” худалдааны төвийн урд уулзвар дээр нүхэн гарц хийх юм. Эдгээр нүхэн гарцууд ашиглалтад орсноор авто замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлж, авто замын хөдөлгөөн нэвтрүүлэх чадвар нэмэгдэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.80) 2023 оны 08 сарын 21

Яг зөв хэрэгтэй зам аа тавиач айж зугтааж бгаа юмшиг тойруулаад заманцар тавих юмоо

0  |  0
Top