Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Гурван суурьт хөтөлбөр буюу Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцууллаа.
Эрх зүйн хөтөлбөр 70, Эдийн засгийн хөтөлбөр 60, Эрүүл засаглал хөтөлбөр 40 гаруй хувьтай хэрэгжиж буй. Эрх зүйн хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны гишүүдийн дэмжлэгтэйгээр Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан. Мөн Засгийн газар 2021 оны тавдугаар сарын 19-ний өргөтгөсөн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг анх удаа цогцоор нь хэлэлцээд, хотын түгжрэлийг шийдэхэд жил бүр 420 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтыг үлдээх түүхэн шийдвэр гаргасан юм. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын дэргэд Бодлогын судалгаа, шинжилгээний төв үйл ажиллагаа явуулж, гадаад, дотоодын эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнг үндэслэн шийдвэр гаргаж байгааг Хотын дарга онцолж байлаа.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Гурван суурьт хөтөлбөр буюу Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарсан.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулж, газрын тухай хууль, барилгын тухай хууль, усны тухай хууль, авто тээврийн тухай хууль, эрчим хүчний тухай хууль, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, улсын бүртгэлийн ерөнхий хуулийг цогц байдлаар нь баталж чадвал эдийн засаг хийгээд засаглалын хувьд цэгцрэх боломж бүрдэнэ.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд боловсруулсан судалгаа, тооцоолол, хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонсож, Улаанбаатар хотыг дэлхийн жишигт нийцэхүйц хот болгох зорилтод үргэлж бодлогын дэмжлэг үзүүлж байдаг Улаанбаатар хотоос сонгогдсон, Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүддээ баярлалаа. Хот бол том айл. Нийслэлийн харьяа 123 байгууллагад 48 мянган албан хаагч ажиллаж байна. Тиймээс өнөөдрийн танилцуулсан дөрвөн зорилт, зургаан бүлгийн 86 шалгуур үзүүлэлтийн хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийг нэг чигт харуулах боломжтой” гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Юун олон хууль, багц хууль вэ\nЗүгээр л хотын дарга оршин суугчдаас аа сонгогддог, бас хусгддаг болгочих\nНамаас холуур
иХ л юм санаачлаад байгаа юм бна. Даанч ковид, мөстлөг, үер гээд байгалийн давагдашгүй хүчин зүйл Улаанбаатарчуудад сайхан боломж олгохгүй юм. Улаанбаатар шиг овоорсон асуудалтай газар Монголд байхгүй дээ. Дэндүү их даанч их.