Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газраас 2019 оноос эхлэн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих урт хугацаатай, хүү багатай зээлийг олгож ирсэн билээ. Тус газар нь хэдийгээр 2009 оноос энэхүү ажлыг эхлүүлсэн ч дунд нь асуудал үүссэнийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс 2019 оноос эхлэн хуульд нь өөрчлөлт оруулж, тус газар шинэчилсэн зохион байгуулалттайгаар уг ажлаа үргэлжлүүлж байгаа юм. Өмнөх жилүүдэд төслийн сонгон шалгаруулалтыг тухайн жилийн хоёрдугаар улиралд явуулдаг байсан бол энэ жилийн хувьд төсөл сонгон шалгаруулалтын ажлаа хоёрдугаар сарын 9-нөөс гуравдугаар сарын 10-ны хооронд нэг сарын хугацаатай явуулсан байна. Ингэснээр манайх шиг эрс тэс уур амьсгалтай, бүтээн байгуулалтын улирал цөөн газар үйлдвэрлэл эрхлэгчид маань ажлаа эрт эхлүүлэх, үр шимийг нь төдий чинээгээр наана үзэх боломж гарчээ. Энэ жил ЖДҮГ-ын Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны шийдвэрээр Уланбаатар хотод 8.3 тэрбум төгрөгийн 42 төсөл, Хэнтий, Өмнөговиос бусад 19 аймагт 16.8 тэрбум төгрөгийн 159 төсөл дэмжигдэж, нийт 201 аж ахуйн нэгж байгууллагад санхүүжилт хийгдээд байгаа аж. АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “BEST” хөтөлбөрийн хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийн газар, “Хөгжлийн Шийдэл” ТББ-тай хамтран “Жишиг Жижиг, Дунд Бизнесийг Хөгжүүлэх Төлөвлөгөө”-г боловсруулан 2020 онд сангаас зээл авсан аж ахуйн нэгжүүдэд зориулан хэрэгжүүлжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Компанийн засаглал, Үйлдвэрлэлийн менежмент, Маркетинг, Хүний нөөц, Санхүүгийн удирдлага зэрэг таван дэд сэдвээр нийт 60 орчим зээлдэгчийг сонгон авч чадавхжуулах хөтөлбөрт хамруулан, амжилттай төгсөж, хөтөлбөрт хамруулсан байна.
Харин энэхүү туршлагадаа үндэслэн “BEST” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй 12 аймаг Улаанбаатар хотыг оролцуулан 2023 онд сангаас зээл авсан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах “Бүтээлч СЕО-3” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Өчигдөр энэхүү хөтөлбөрт хамрагдсан үйлдвэрлэгчид номын дуу сонслоо. Энэ удаад тус хөтөлбөрт Улаанбаатар хотын 42 компани танхимаар, хөдөө орон нутгийн 185 компаниуд онлайнаар хамрагдлаа. Гурав дахь удаагийн энэхүү хөтөлбөрийг нээж, ЖДҮГ-ын Зээл, төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр нээж үг хэлсэн. Тэрбээр, өнөөдрийн байдлаар бид бүхэн нийтдээ 152 аж ахуйн нэгжид 20.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол 22 аж ахуйн нэгжийн барьцаа хөрөнгийн асуудал шийдэгдэх шатандаа явна. Зээл олгох бол нэг асуудал. Харин тухайн зээлийг хэрхэн үр дүнтэй зарцуулах вэ гэдэг дээр анхаарах ёстой. Тийм ч учраас бид бүхэн BEST хөтөлбөртэй хамтран зээл авсан газруудаа сургалтад хамруулдаг болсон. энэ сургалтаар хэрхэн санхүүгийн менежментээ хийх вэ, хүний нөөцөө хэрхэн удирдах вэ зэрэг мэдлэг, мэдээллийг олгодог. Өмнө нь бид хоёр удаа энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ удаагийнх бол гурав дахь гэдгээрээ онцлог. Бид бүхэн маш нягт хамтран ажиллаж байж л зах зээлд тэсэн үлдэж, цаашид хөгжин дэвжинэ. Тиймээс ч энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм хэмээн хэлсэн юм. Үнэхээр бизнес санаа олоод түүнийгээ хэрэгжүүлэхэд хөрөнгө хэрэгтэй. Харин хөрөнгөө босгоод зээл авчихлаа гэхэд түүнийгээ зөв зарцуулаагүйгээс, санхүү, эдийн засгийн мэдлэг тааруугаас үүдэн олон аж ахуйн нэгж хаалга барьдаг. Харин энэ байдлыг халж, зээлдэгч нартаа дээрх мэдээллүүдийг үнэ төлбөргүйгээр олгож, дэмжих ажлыг ЖДҮГ-аас ийн хэрэгжүүлээд гурван жил болжээ.
Мөн энэ үеэр BEST хөтөлбөрийн зөвлөхүүд зээлдэгч нартаа танилцуулга хийж, зээлийн эргэн төлөлтийг хэрхэн нарийн төлөвлөх вэ, үйл ажиллагааны үедээ хууль эрх зүйн ямар асуудлуудыг анхаарах ёстой вэ зэрэг зөвлөгөөг өгсөн. Хөгжлийн шийдэл төрийн бус байгууллагаас нийтдээ 60 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд одоогоор дөрвөн төсөл дээр ажиллаж байгаагийн хамгийн том, өргөн цар хүрээтэй нь BEST хөтөлбөр юм байна. Энэ хөтөлбөр нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг бий болгох зорилготой аж. Үүндээ хүрэхийн тулд дээр дурдсан Компанийн засаглал, Үйлдвэрлэлийн менежмент, Маркетинг, Хүний нөөц, Санхүүгийн удирдлага гэсэн нийт таван зорилтыг ханган ажилладаг байна. Тус байгууллагаас нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй хамтран 2021 онд цар тахлын дараах жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадвар хэр байгаа талаарх судалгааг явуулжээ. Ингэхэд 90 орчим хувийнх нь өрсөлдөх чадвар доголдож, санхүүгийн асуудал тулгарсан, 10 хувь нь дампуурсан гэсэн харамсалтай дүн мэдээ гарчээ. Тиймээс үүн дээрээ үндэслэн жилийн гурван хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийг Төрийн сангаас олгох боломжийг бүрдүүлж өгчээ.
Бид бүхэн энэ үеэр ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайханаас сэтгэгдлийг нь сонссон. Тэрбээр, энэ жилийн хувьд нийтдээ 227 аж ахуйн нэгж зээл авахаар шалгарсан. Үүний 170 орчим нь санхүүжилтээ авсан. Энэ сургалт үнэхээр чухал ач холбогдолтой. Хуучин Жижиг, дунд үйлдвэрийн сан байхдаа зээл олгоод л орхидог байсан. Одоо бол зээлийн шалгаоуулалтыг нарийн болгож, жинхэнэ авах ёстой хүмүүст нь олгодог болсон. Харин ингээд орхилгүйгээр зээл авсан хүмүүс маань зээлээ зориуулалтын дагуу ашиглаж байна уу гэдгийг явцын дүнд шалгалт хийж, санхүү эдийн засгийн болоод хэрхэн ашигтай ажиллах, хүний нөөцөө яаж чадавхжуулах зэрэг сургалтыг зохион байгуулж, онолын мэдлэгийг өгдөг болсон. Үүний үр дүнд сүүлийн жилүүдэд зээл авсан аж ахуйн нэгжүүд маань зээлээ яг л зориуулалтын дагуу ашиглаж, тодорхой үр дүн гаргаж байна хэмээн хэлсэн. Ташрамд дуулгахад “Бүтээлч CEO” бизнесийг хөгжүүлэх хурдасгуур хөтөлбөрт хамрагдсан хоёр аж ахуйн нэгжийг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Мишээл экспо ХХК, БНСУ-ын Дүндэмүн дүүрэгтэй хамтран БНСУ-д зохион байгуулсан “Монголд үйлдвэрлэв-2023” үзэсгэлэн худалдаанд оролцуулсан байна. Харин цаашид энэ тоог улам нэмэгдүүлж ажиллана гэдгээ Я.Эрдэнэсайхан дарга онцолж байлаа. Тэгвэл энэ жилийн зээлд хамрагдсан газруудаас төлөөлөл болгон хоёр онцлох байгууллагаас мэдээлэл авсан. Монголчууд бидний хэдийнэ мэддэг болсон Монгол Улсын Үндэсний бөхийн Даян аварга Н.Батсуурийн нэрээр нэрлэгдсэн “БаСу” бренд энэ жилийн зээлд хамрагджээ.
Спорт хувцасны “БаСу” брендийг үүсгэн байгуулагч “Эрдэм мөнх спорт” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан менежер Н.Энхчимэг хэлэхдээ “Манайх анх 2021 оны зургаадугаар сард анх үүсгэн байгуулагдсан. Спорт хувцасны үндэсний брендийг бий болгохоор ажиллаж байгаа компани. Харин энэ жил бид бүхэн төслөө өгөөд ЖДҮГ-ын зээлд хамрагдсан. Энэ нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжилд систестэйгээр, тодорхой шалгуурын хүрээнд олгогдож байгаа нүдээ олсон ажил гэж харж байна. Энэхүү зээлээрээ манайх тоног төхөөрөмжөө шинэчилж, илүүтэй хүмүүсийн хэрэгцээ, шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгаа. Мөн манай анх үүсгэн байгуулагдсан гол шалтгаан бол эмэгтэйчүүдийн ажлын байрыг дэмжих байсан. Тиймдээ ч манай ажилчид дунд ганцхан эрэгтэй бий. Цаашдаа орон нутаг байгаа хүмүүст оёдлын стандарт, загварыг хэрхэн гаргах зэрэг сургалтууд явуулахаар төлөвлөж байгаа. Олон улсад бол загвар, эсгүүрийг нь гаргадаг, наадаг, оёдог, савладаг гээд пропесс бүртээ бие даасан үйлдвэрлэл байдаг. Үүний төлөө явна. Энэ том зорилгодоо хүрэхэд энэхүү зээл маш том түлхэц, хөшүүрэг болно гэж итгэж байгаа. Маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
Манай улсын хувьд оношлуур хэчнээн чухал болохыг дэлхий нийтийг хамарсан цар тахал харуулсан. Харамсалтай нь оношлуурынхаа 99 хувийг гаднаас авч ердөө нэгхэн хувийг дотооддоо үйлдвэрлэдэг байна. Харин биотехнологич мэргэжилтэй нэгэн залуу энэ асуудалд өөрийн хувь нэмрээ оруулахаар оношлуур үйлдвэрийн “Праймер” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ жилийн зээлдэгч болжээ. Түүнийг Б.Мөнхтогтох гэдэг бөгөөд тус компани нь одоогоор таван төрлийн оношлуур үйлдвэрлэж, лабораториудад нийлүүлж байгаа аж. Тэрбээр, уг зээлийг хаалттай, шалгуур өндөртэй гэж боддог байсан ч маш нээлттэй, ил тод, хариугаа хурдан өгдөг байсан. Зээлээрээ технологийн өөрчлөлт хийж, үйлдвэрээ автомат болгохоор зорьж байгаа. Мөн оношлуурынхаа төрлийг хоёроор нэмэхээр хичээж, судалгаа хийж байгаа гэсэн юм. Сонирхуулахад, тус компанийн оношлуурууд нь хүнсний халдвар үүсгэгчийг илрүүлэх, зэрлэг, болон гэрийн тэжээмэл амьтны махны оношлуур гэсэн төрлүүдтэй юм байна.
Энэ удаагийн “Бүтээлч СЕО-3”-ын маш чухал хэсэг нь өмнөх жил буюу 2022 онд ЖДҮГ-аас зээл авч, тус хөтөлбөрт хамрагдаад өдгөө амжилттай бизнесээ явуулж буй “ахлах ангийнх нь нөхөд” ирж туршлага, санаа бодлоо хуваалцсанд байсан юм.
Манай улсад өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж, ажлын байр бий болгож, сайн сайхныг бүтээх гэсэн залуусын урмыг нь хугалж, ууцыг нь дэвсэлдэг зүйл бол төрийн албаны хүнд суртал, банкуудын өндөр хүү, барьцаа хөрөнгийн шаардлага байдаг. Харин ЖДҮГ-ын зээл, BEST хөтөлбөрийн энэхүү сургалт энэ бүхний эсрэг сайн жишиг болж, хүмүүст урам зориг өгч байгаа билээ. Учир нь санаа төдий байсан бизнесийг нь төсөл хэрхэн бичих, зээл хүсэхэд ямар материал бүрдүүлэх, зээлээ аваад санхүүгээ хэрхэн зөв удирдах, хүний нөөцөө яаж бэлдэх гээд хөл дээрээ бат зогсох хүртэл нь сургалт, мэдээллээр хангаж байна. Жижиг, дунд бизнес гэхээр хүн болгон мэддэг юм шиг боловч тэдэнд учирдаг зовлон бэрхшээл, үйлдвэрлэлээ эхлүүлэхийн аз жаргалыг нь тэр бүр мэдэхгүй. Хэдийгээр “жижиг” нэртэй боловч эдгээр бизнес эрхлэгчид маш олон ажлын байрыг бий болгож, хадгалж, тэрбум, тэрбумаар тоологдох татварыг улс орондоо төвлөрүүлж байдаг юм. Үүнээс ч илүүтэй маш нэгэн чухал зүйл бол амжилттай яваа жижиг, дунд бизнес эрхлэгчид бизнес санаагаа тархи оюундаа боловсруулан алхаж олон олон, олон залууст итгэлийн гэрэл болдог билээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )