Хөгжлийн банк ирэх аравдугаар сард Евро бондын 400 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 1.4 их наяд орчим төгрөгийн төлбөр барагдуулах ёстой.
Хугацаа тулсан учраас энэ төлбөрийг зээлийн эргэн төлөлтөөр бүрэн гүйцэт төлж амжихгүй нь ойлгогдож буй.
Өнгөрсөн онд зээлийн эргэн төлөлтөөр төвлөрсөн их наяд төгрөгөөр Самурай бондын 30 тэрбум иений зээлийг шийдэж буй. Мөн зээлийн эргэн төлөлтөөс Евро бондын 500 сая ам.долларын 106 сая ам.доллартой тэнцэх хэмжээний бондыг худалдан авснаар 394 сая ам.долларын төлбөрийг шийдэх шаардлагатай болсон юм.
Уг бондын төлбөр төлөгдөх хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлтөөр 400 сая ам.доллар төвлөрүүлж хүрэхгүй бол бонд гаргана, эсвэл гадаад валютын нөөцөөс бондын төлбөрийг хийнэ гэсэн хоёр арга зам байгааг Төв банкны ерөнхийлөгч өмнө нь хэлж байсан.
Түүнчлэн Хөгжлийн банк өнгөрсөн хавар гаргасан Өрийн удирдлагын төлөвлөгөөндөө энэ онд багтаж 300 сая ам.долларын зээл авахаар тусгаж, Засгийн газар зөвшөөрчихсөн.
Улмаар тавдугаар сард 75 сая ам.доллар гаднаас зээлсэн. Аравдугаар сард Евро бондын төлбөрийг төлөхөөс өмнө 225 сая ам.долларын санхүүжилт гаднаас татах шаардлагатай байгаа.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Батаа тавдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Эрэл”, “Бэрэн”, “Хөтөл” гэсэн гурван компанийн төлөх 772 тэрбум төгрөг бондын төлбөрийн дутаж буй дүнтэй дүйнэ, 5-7 дугаар сарын дотор их хэмжээний муу зээлээ төлүүлж чадвал гадаад өрөө төлөхөд хялбар болно. Эсвэл гадаад зах зээлээс дахин зээл авч, дахин санхүүжилт хийхээс өөр аргагүй болно. Гол нь чанаргүй зээлийн асуудлыг маш яаралтай шийдэх хэрэгтэй. Хүлээгдэж байгаа өр төлбөр бол оны эцсээр төлөгдөх гадаад өрийн асуудлыг шийдэх хамгийн том дэмжлэг байх юм” гэсэн байдаг.
Гэвч дээр дурдсан гурван компанийн тухайд ирэх аравдугаар сараас өмнө зээлээ төлж барагдуулах магадлал тун бага. Тиймээс ч Засгийн газар 300 сая ам.доллар гаднаас зээлэх зөвшөөрөл Хөгжлийн банканд өгсөн биз ээ. Гэхдээ шинэ өр тавих зөвшөөрлийг бид өөр хоорондоо өгөх ч яахав. Өмнөх томоохон дүнтэй өр төлбөрүүдээ барагдуулж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа Хөгжлийн банк 225 сая ам.долларыг үлдсэн сар гаруйн хугацаанд гаднаас босгоход амаргүй л байх болов уу.
Сэтгэгдэл ( 1 )
новшнууд гаднаас зээл авна тэгээд өөрсдөө хулгайлна луйвар даж авна харин жирийн иргэд татварын дарамтаар дарганцаруудын хулгайлсан зээлийг төлнө энэ шударга уу новшнууд аа тэрүүчийн банкны хулгай луйвар чинь дуусаагүй байгаа шүү новш гэж